“Эрдэнэт үйлдвэр” хүдэр боловсруулалтын хүчин чадлаа жилийн 40 сая тоннд хүргэлээ
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хүдэр боловсруулалтын хүчин чадлаа жилийн 40 сая тоннд хүргэлээ. Тус үйлдвэрийн 2025 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн зорилтот түвшин, төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Тухайлбал, 23.6 сая тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 103.3 хувиар, 19.4 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.0 хувиар, 275.1 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 103.4 хувиар тус тус биелүүлсний зэрэгцээ урьдчилсан гүйцэтгэлээр нийт 2.1 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, төлөвлөгөөг 106.5 хувиар, улс, орон нутгийн төсөвт 877.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 107.0 хувиар тус тус давуулан биелүүлжээ.
“Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд хүдрийн нөөцийг өсгөх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, улсын төсөв бүрдүүлэлтийг алдагдуулахгүйгээр техник, тоног төхөөрөмж, технологийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, бүтээн байгуулалтын ажлаа амжилттай үргэлжлүүлэн ажиллаж, үр дүнд нь хүдэр боловсруулалтын хүчин чадлаа нэмэгдүүлж чадсан байна.
Тэрчлэн Эрдэнэтийн-Овоо ордын шинэчлэн тогтоосон нөөцөөр цаашид нэгэн жарны хугацаанд ажиллах бололцоотой болсон бол энэ оны эхний хагас жилд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн шинэчлэлийн ажлыг ашиглалтад хүлээн авч, Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.