Г.Дамдинням: Бид бусдаас ялгарах, онцлогтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай
13 Цагийн өмнө
34
Г.Дамдинням: Бид бусдаас ялгарах, онцлогтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай
-Өнгөт металлуудыг дэмжиж, газрын ховор элемент, алт, зэс зэрэг бусад чухал минералуудтай зохицсон бодлого явуулах нь зүйтэй-
Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн “Стратегийн нөөц, нийлүүлэлтийн гинжин хэлхээ” сэдэвт үндсэн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцож, салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, зогсонги байдалд орсон хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хэрхэн татах талаар ярилцлаа. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Францын “Орана Майнинг” компанийн Монгол Улс дахь төлөөлөгч Оливье Тумир, "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал С.Наранцогт нарын панелистаар оролцлоо.
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Монголын эдийн засгийн үндсэн тулгуур нь уул уурхайн салбар. Манай эдийн засаг уул уурхайгаас хэт их хамааралтай байна. Монгол Улс зөвхөн байгалийн баялагтай гэсэн ойлголт өрөөсгөл юм. Дэлхийд манайхтай ижил төрлийн 80 гаруй улс бий. Тиймээс бид бусдаас ялгарах, онцлогтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд байгалийн нөөц баялаг хаана, ямар хэмжээтэй байгааг нарийн мэдэх шаардлагатай. Өнөөгийн эдийн засгийн гол хөдөлгөгч уурхайнууд нь 1990 оноос өмнөх хайгуулын үр дүнд бий болсон. Тухайлбал, хайгуул олборлолтоос ойролцоогоор 10 жилийн өмнө эхэлдэг. Ашигт малтмалын салбарын ил тод байдлыг хангаж, хөрөнгө оруулагчдыг татахын тулд хайгуулын лицензийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар, олон төрлөөр олгодог болно" гэв. 
 
"Мөн уул уурхайн салбарын бүтээгдэхүүн бүрийн онцлогт тааруулсан бодлого баримтлан хэрэгжүүлэх нь чухал. Үгүй бол бид эдийн засгийн савалгаанд байнга өртсөөр байх болно. Монгол Улсын эдийн засаг нүүрснээс хэт хамааралтай байгаа тул өнгөт металлуудыг дэмжиж, газрын ховор элемент, алт, зэс зэрэг бусад чухал минералуудтай зохицсон бодлого явуулах нь зүйтэй" хэмээн салбарын бодлого, чиглэлээ танилцуулсан юм. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.