С.Наранцогт: Стратегийн орд газруудын эзэмшлийг хэрэгжүүлэхдээ тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг тэргүүнд авч үзнэ
Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн /2025.07.09/ “Стратегийн нөөц, нийлүүлэлтийн гинжин хэлхээ” сэдэвт үндсэн хуралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт панелистээр оролцож, стратегийн нөөцийн санхүүгийн удирдлагын зарчим, Монгол-Францын хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдол болон салбарын төслүүдэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжуудын талаар асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Францын “Орана Майнинг” компанийн Монгол Улс дахь төлөөлөгч Оливье Тумир нарын панелистаар оролцож, стратегийн нөөцийг ашиглах төрийн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчин болон олон улсын сайн жишиг загваруудын талаар ярилцав.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийг хэрэгжүүлэхдээ тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг тэргүүнд тавихаа онцолсон юм. Нэгдлийн үйл ажиллагаа сайн үзүүлэлттэй байх нь зөвхөн компанийн бус, улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг тодотгож хэллээ.