"Эрдэнэт үйлдвэр" анхны баяжмалаа үйлдвэрлэсний 45 жилийн ойг угтаж, “Эрдэнэт үйлдвэрийн эдийн засаг-45 жил” зөвлөгөөн өнөөдөр Орхон аймагт эхэллээ.
Зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүү, бүртгэл, эдийн засаг, маркетинг, дотоод хяналт, гадаад харилцаа, худалдаа, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнууд, урилгаар Эрчим хүч, геологи, уул уурхайн дэд сайд асан “Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, “Монгол Росцветмет нэгдэл” хамтарсан үйлдвэрүүдийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Амгалан, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдын зөвлөх Б.Бямбадагва, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа, Монголын Үндэсний дотоод аудиторуудын холбоо ТББ-ын ТУЗ-ийн дарга Т.Цэрэндаш нарын зэрэг хүмүүс оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрийн улс орны эдийн засагт 45 жилд оруулсан хувь нэмэр, үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Зөвлөгөөнд:
-Эдийн засгийн хэлтсийн дарга Р.Очбадрах “Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн төлөвлөлт”,
-Гадаад харилцаа экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ “Эрдэнэт үйлдвэрийн гадаад худалдааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”,
-Ерөнхий нягтлан бодогч, Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Д.Баярбат “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн шинэчилсэн өөрчлөлт,
-Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах “Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны чиглэлээр баримтлах бодлого”,
-Маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдорж “Маркетингийн чиглэлээр баримтлах бодлого”,
-Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин “Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн үйл ажиллагаа ба бодлогын шинэчлэлт” сэдвээр тус тус илтгэж, хэлэлцүүлнэ.