Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци "ҮР ДҮНТЭЙ БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ" богино хугацааны хөтөлбөрийг 2023 оны 11-дүгээр сарын 23-28-ны хооронд Канад улсын Онтарио мужид хамтран зохион байгууллаа.
Тус хөтөлбөрт Монголын тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагчид хамрагдаж, Канад улсын байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг албан байгууллага, мужийн агентлагууд, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай уулзалт хийв. Мөн тусгай хамгаалалттай газар нутаг, уурхайн талбайд зочилж, экосистемийн менежментийн шилдэг туршлагуудтай танилцаж, энэ талбарт тулгарч буй сорилт, бэрхшээл, шинэ аргачлал, загварын талаар санал солилцсон юм.
Тодруулбал, хөтөлбөрийн эхний өдөр байгаль хамгаалагчид Канад улсын нөхөн сэргээлтийн жишиг болсон Садбери уурхайн хотноо зочилж, тус бүс нутгийн байгаль орчны яамны төлөөлөл, Лорентианы их сургуулийн профессор Peter болон "Living With Lakes Vale" төвийн төлөөллүүдтэй уулзсан юм.
Байгаль орчныг хамгаалах, томоохон уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар энэ өдөр туршлага судалсан бол хоёр дахь өдөр нь Канадын хамгийн том Алганкин паркаар зочилсон. Энэхүү парк нь жилдээ 1.2 сая хүн дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирдэг.
Хөтөлбөрийн гурав дахь өдөр нь байгаль хамгаалагчид Ниагара мужид зочилж, Дэлхийн хамгийн том хүрхрээ болон тухайн бүс нутагтай танилцлаа. Дөрөв дэх өдөр нь Каледон мужид байрлах ойн аж ахуй, үржүүлгийн төвийн үйл ажиллагааг байгаль хамгаалагчид үзэж сонирхсон бөгөөд ойн аж ахуйн менежментийн арга барилын талаарх сургалтад хамрагдлаа.
Мөн Саскачеван мужийн Байгаль орчны яам болон Торонтогийн Зэрлэг ан амьтдын төвийн төлөөллүүдтэй цахим уулзалт хийв. Хөтөлбөрийн тав дахь өдөр Торонто хотод байрлах Уул уурхайн яамны Ерөнхий зөвлөх болон Байгаль орчны яамны төлөөлөгчидтэй Засгийн газрын ордонд уулзсан юм.
Уг хөтөлбөрийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумд Баянхөндийн алтны үндсэн ордыг төслийг хэрэгжүүлэгч МУУҮА-ийн Зөвлөлийн гишүүн "Эрдэнэ Монгол" ХХК (Erdene Resource Development Corporation) ивээн тэтгэж ажилласан бөгөөд Монгол-Канадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр Монгол Улс болон Канад улсын байгаль хамгаалагчид хамтран ажиллалаа.
Тус арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Канадын Элчин Сайдын Яам болон зохион байгуулалт, санхүүжилтийг хариуцан ажилласан "Эрдэнэ Монгол" ХХК (Erdene Resource Development Corporation)-ийн хамт олонд МУУҮА-ийн зүгээс талархал илэрхийллээ.