Газрын тос, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг, БНХАУ-ын томоохон сургуулийн нэг Хятадын газрын тосны их сургуулийн Ерөнхий захирал Ван Тонгчи тэргүүтэй төлөөлөлийг Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюунцэцэг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Хоёр тал Монгол Улсын газрын тосны салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд 2001 оноос хойш хамтарч ажиллан газрын тосны олборлолтын инженер, уул уурхайн эдийн засаг, геофизик, чичирхийлэл, хими технологи зэрэг мэргэжлээр нийт 111 монгол иргэдийг амжилттай төгсгөсөн байна. Өнөөдөр тус сургуульд 29 монгол оюутан сурч байна.
Бакалавр, магистр, доктор бүхий эрдмийн зэргээр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээс гадна АМГТГ-ын газрын тос, ашигт малтмалын чиглэлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг чадавхжуулах, туршлага судлуулах зорилгоор богино хугацааны сургалтыг санал болгож хамтран ажиллахаар болов.
Тус сургуулийн Газрын тосны инженерийн факультет, Хиймэл оюун ухааны факультет, Олон улсын хамтын ажиллагаа, сурагч солилцооны газар, Цахим, зайн сургалтын факультет, Олон Улсын боловсролын факультетийн захирлуудтай харилцан санал бодлоо солилцож, цаашид газрын тос, ашигт малтмал, хиймэл оюун ухаан, механик, химийн инженер чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч ажиллах, мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд, автоматжуулалт, хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллахаар санал солилцож харилцан тохиролцов.