Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн анхны бондын арилжааг эхлүүллээ
1 Өдрийн өмнө
57
 Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн анхны бондын арилжааг эхлүүллээ
Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсны үр дүнд ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх, байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн санхүүгийн шинэ бүтээгдэхүүний төрөл, тоо нэмэгдэх боломж бүрдсэн бөгөөд энэ хүрээнд ХААН банк дотоодын зах зээлд анх удаа гаргаж буй "Жендэр" бондыг олон нийтэд нээлттэй санал болгох цан цохих ёслол өнөөдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, “Өлзий энд Ко капитал” ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх заахирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцов.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороос хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр бодлого зохицуулалтын олон ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэж байна. Ялангуяа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах төсөл арга хэмжээг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ногоон бондыг бүртгэх зохицуулалтын орчныг 2021 онд бүрдүүлсэн. Улмаар дотоодын зах зээлд 30 сая ам.долларын үнийн дүн бүхий анхны ногоон бондыг “ХААН банк” ХК түүчээлэн гаргаж байсан бол өдгөө аж ахуйн нэгжүүдээс дотоодын зах зээлд нийт дүнгээр 40 сая ам.доллар болон 27 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ногоон бондуудыг амжилттай гаргасны зэрэгцээ олон улсын зах зээлд мөн адил ногоон, нийгмийн болон тогтвортой бондуудыг гаргаж 290 сая долларыг амжилттай татаад байна.
Мөн нийгмийн бондын төрлүүд болох “жендэр” бонд болон эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой бонд болон тогтвортой байдлын бондын зохицуулалтын орчныг бий болгох хүрээнд “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээрээ ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх, байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн санхүүгийн шинэ бүтээгдэхүүний төрөл, тоо нэмэгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо өсөх зэргээр дотоодын бондын зах зээлийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй” гэдгийг онцолсон юм.
Энэ удаагийн “Жендэр” бонд нь олон улсын Sustainable Fitch байгууллагаар нийгмийн бондын зарчимтай нийцсэн дүгнэлт гаргуулсан бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн анхны бонд гэдгээрээ онцлогтой.
Түүнчлэн Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбооны нийгмийн бондын зарчимд нийцсэний зэрэгцээ олон улсын байгууллагаар зээлжих зэрэглэл тогтоолгосон тул барьцаагүйгээр гаргаж байгаа бөгөөд жендэрийн тэгш байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийн нийгэм-эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой юм.
Энэхүү бондын хүрээнд 30 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилт татах бөгөөд 36 сарын хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 300 мянган ширхэг бондыг олон нийтэд нээлттэй санал болгосон бөгөөд цан цохих ёслолын дараа арилжаа хаагдаж, 30 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.