Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг олон улсын стандартын дагуу хамгаалахад онцгой анхаарна гэв
1 Өдрийн өмнө
84
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг олон улсын стандартын дагуу хамгаалахад онцгой анхаарна гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол, Канадын иж бүрэн түншлэлийн харилцаа ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлд тулгуурладаг болохыг онцлон тэмдэглэв.
 
Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, уул уурхайн салбар дахь тэргүүлэх хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг дурдав. Тэрбээр 2015–2024 оны хооронд Монгол Улсад хийгдсэн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож буйг тэмдэглэж, “Оюу толгой” төсөл нь Монголын эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхэд оруулж буй хувь нэмэр, үр өгөөжийг онцоллоо.
 
Мөн Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степп гоулд”, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.
 
Элчин сайд Сандра Шүфани хоёр орны уул уурхайн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэв.
 
Сайд Г.Дамдинням цаашид Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг олон улсын стандартын дагуу хамгаалах, хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой үүсч болзошгүй маргаан, зөрчлийг шударга, үр нөлөөтэй, шуурхай шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд онцгой анхаарч ажиллах болно гэдгийг энэ үеэр онцоллоо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.