“Уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болно
Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Уул уурхайн долоо хоног - Mining Week & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт 2025 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Налайх дүүрэг Тайж хайрханы бэлд зохион байгуулагдах гэж байна.
“Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” сэдвийн дор болох тус арга хэмжээ нь салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын түншүүдийг нэг дор цуглуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал талбар юм.
Канад болон БНХАУ-ын Уул уурхайн ассоциациуд хамтран оролцож буй нь Монголын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байна.
The Mining Association of Canada/ Канадын Уул уурхайн ассоциаци нь дэлхийн уул уурхайн салбарт голлох нөлөө бүхий байгууллагуудын нэг бөгөөд Монгол Улс нь тус холбооны “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM/ТУУТ) стандартыг хэрэгжүүлж эхэлсэн 13 дахь улс юм.
БНХАУ нь “Focus Country” статустайгаар “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээнд оролцож буй бөгөөд хоёр улсын уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг тодорхойлох, гүнзгийрүүлэх чухал боломжийг бүрдүүлэх юм.
"Уул уурхайн долоо хоног" арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци ажиллаж байна.