Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2025 оны төсөвт хийх ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ-оо танилцуулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр, "
Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш ердөө долоо хоног өнгөрч байна.
Энэ хугацаанд геополитикийн сөргөлдөөнт байдал Иран-Израилын зэвсэгт мөргөлдөөнөөр өргөжиж, дэлхийн эдийн засгийн төлөвт эрсдэл учрууллаа.
Нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүслээ.
Энэ нөхцөл байдал цаашид даамжирч болзошгүй байна.
Хэрэв төсөвт яаралтай тодотгол хийж, төсвийн үр ашиггүй, тэвчиж болох урсгал зардлаа танаж, импортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй тохиолдолд инфляц улам эрчимжиж, төгрөгийн ханш суларч, улмаар ард иргэдийн аж амьдрал, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд томоохон эрсдэл учирч болзошгүй байна.
Тухайлбал, төсөвт тодотгол хийхгүй, төсвийн алдагдал оны эцэст 3.2 их наяд төгрөгт хүрсэн тохиолдолд импортын хэмжээ нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, инфляц үргэлжлэн өсөх эрсдэлтэй байгааг урьдчилсан тооцоо харуулж байна.
Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсад өрхийн орлого өсөхгүй тохиолдолд инфляц нэг хувиар нэмэгдвэл 24 мянга орчим хүн ядууралд өртөх эрсдэлтэй гэж тооцсоныг энд онцолмоор байна.
Тиймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын эн тэргүүний, чадавх чансааг шалгасан чухал зорилт болоод байна.
Дэлхийн эдийн засгийн энэхүү нэн эгзэгтэй цаг үед улс орон бүр өөрийн эдийн засгийн бодлогодоо шаардлагатай тохиргоо хийж байна" гэв.