Татварын маргааныг шийдвэрлэх яриа хэлэлцээ үргэлжилж байна
Татварын маргааныг шийдвэрлэх яриа хэлэлцээ үргэлжилж байна
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 хувийг "Оюу Толгой" бүрдүүлж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "2011 оноос хойш Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын тал нь Оюу толгой төсөлтэй холбоотой" хэмээн онцолж байсан. Тэгвэл нийт экспортын 22 хувийг Оюу Толгой болон Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал эзэлж байна. Тэрчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 хувийг "Оюу Толгой" бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийн нэг тулгуур нь болж байна.

2023 оны 11 дүгээр сарын байдлаар УИХ-ын 103-р тогтоолын зургаан заалтын тав нь бүрэн хэрэгжсэн гэж "Рио Тинто Монгол" компанийн зүгээс мэдээлсэн.

Тухайлбал, "Оюу Толгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, нэмэлт төлөвлөгөө зэрэг баримт бичгийг цуцалсан. Татвар, төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит, БОНЗ-ын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх ажлууд дууссан төдийгүй Монголын цахилгаан түгээх сүлжээнээс урт хугацаанд цахилгаан худалдан авах гэрээг байгуулсан, нэмэлт өр үүсгэхгүй байх шаардлагыг хангаж, санхүүжилтийг шийдвэрлээд явж байгаа гэдгийг "Рио Тинто Монгол" тодотгосон юм.

Татварын актуудтай холбоотой асуудлууд хүлээгдэж буй. Засгийн газартай татварын маргааныг  шийдвэрлэх яриа хэлэлцээ үргэлжилж байгааг "Рио Тинто Монгол" нэмж тодотгосон юм. Хөрөнгө оруулагч талаас татварын маргааныг арбитрын журмаар бус яриа хэлэлцээний үр дүнд шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь хэвээр аж. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.