Эрдэс баялгийн боловсруулалтын чиглэлээр харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлнэ
-Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тухайлбал, "Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт" Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн сайд Бобир Исламов нар гарын үсэг зурав.
Тус санамж бичгийн хүрээнд Уул уурхайн хамтын ажиллагааны үндсийг тавьж, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх бөгөөд хамтын ажиллагаа нь технологийн хөгжил болон уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцлоо.