"Эрдэнэт үйлдвэр"-ийн Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх бүтээн байгуулалт эхэллээ
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх бүтээн байгуулалт эхэллээ
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх бүтээн байгуулалт эхэллээ
-----------------------------------------
"Эрдэнэт үйлдвэр"-ийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд Баяжуулах үйлдвэрийн Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны шугамын шинэчлэлийн ажил өнөөдөр эхэллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.ЁНДОН "Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн хийх ажлын төлөвлөгөө батлагддаг. Төлөвлөгөөний дагуу ажлууд үе шаттай явж байна. Эдгээрээс хамгийн чухалд өнөөдрийн ажил зүй ёсоор орно. 1978 онд анх ашиглалтад орсон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугам 20 сая тоннын хүчин чадалтай. Энэ шугамыг 40 сая тонн болгон, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлыг бид ийнхүү эхлүүллээ. Энэ шинэчлэлийг хийснээр үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай хэвийн үйл ажиллагаа хангагдах юм. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын барилгын ажил хасах 32 метрийн гүнд явагдана. Дээр нь 28 метр өндөр барилга барина. Нийт 60 метр өндөр барилга баригдана. 20 гаруй давхар байшин гэсэн үг. Эрдэнэт үйлдвэрийг дараагийн 55 жилд саадгүй ажиллуулах нөхцлийг баталгаажуулах түүхэн үйл явдал болж байна" хэмээн онцолжээ.
“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.БАТМӨНХ “Манай үйлдвэр техникийн шинэчлэлийн хоёр дахь үеийг амжилттай хэрэгжүүлж байна. 1978 онд ашиглалтад орсон том бутлалтын бутлуурыг шинэчлэх шаардлага гарсан. Энэ нь хүдэр дэх металлын агуулга огцом буурч, хүдрийн агуулга нэмэгдсэнээс үүдэлтэй. Нөгөө талаар гаргаж буй бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалахын тулд технологийг сайжруулах шаардлагатай. Энэ төслийг хэрэгжүүлснээр бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийг буулгаж чадна. Ингэснээр хүдэр боловсруулалтын хэмжээг жилд тогтмол 40 сая/тн-д барих боломжтой болох юм. Мөн Хаягдалын аж ахуйг шинээр барьж байгуулах ажил үргэлжлэн хийгдснээр, Эрдэнэт үйлдвэр цаашид 55 жил ажиллах найдвартай ажиллагаа бүрэн хангагдана" гэлээ.
Эрдэнэт үйлдвэрийн захиалгаар Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ажлын барилгын гүйцэтгэгчээр “E-Light” компани, тоног төхөөрөмжийн нийлүүлэгчээр “Orem trades” компани, цахилгаан хангамж дэд бүтцийн ажлыг “Катод гал” компани гардан хийх бол “Soyolon international” компани ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллах ажээ. Төсөл хэрэгжсэнээр бутлагдсан хүдрийн бүхэллэг багасч, бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэх юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.