Эрдэнэт үйлдвэр жилд 1500 гаруй худалдан авалтын тендер шалгаруулдаг
2 Өдрийн өмнө
188
Эрдэнэт үйлдвэр жилд 1500 гаруй худалдан авалтын тендер шалгаруулдаг
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Авилгатай тэмцэх газартай хамтран “Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг, худалдан авалт, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдог ажилтнууд хамрагджээ.
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Манай үйлдвэр сүүлийн гурван жилийн хугацаанд жил бүр 1,1 тэрбум гаруй ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж улс, орон нутгийн төсөвт жилд 1,5-2 их наяд төгрөг төвлөрүүлэн ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн дунджаар Эрдэнэт үйлдвэр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5,8 хувийг, экспортын 8 хувийг, улсын төсвийн орлогын 7,2 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Улс орныхоо эдийн засгийг тэтгэж буй энэхүү үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахын тулд жилд 1500 гаруй худалдан авалтын тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл ажиллагаа ил тод, нээлтэй, шударга, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой. Энэ утгаараа бид Авилгатай тэмцэх газартай хамтран олон талт үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг хэлбэр нь жил бүр тогтмол зохион байгуулдаг “Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” сургалт юм. Иймээс Авилгын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй, эргэлзээтэй, анхаарах шаардлагатай зүйлсийг тодруулах, нэгдсэн ойлголттой болох нөхцөл бүрдсэн учраас та бүхэн сургалтандаа идэвхтэй оролцож, цаашид гарч болзошгүй зөрчил, эрсдэлийг бууруулж, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж авна гэдэгт итгэлтэй байна. Төгсгөлд нь хэлэхэд Эрдэнэт үйлдвэр, УИХ-аас баталсан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил бүр баталж, авилгын эсрэг болон авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж ирлээ. Мөн Авилгаас ангид байх ажлыг үр дүнтэй болгохын тулд гүйцэтгэлийн түвшинд эрсдэлийг төлөвлөж, урьдчилан сэргийлж, дотоод хяналт шалгалт, аудитын ажлыг тогтмол зохион байгуулж байна" хэмээн онцлов.
 
Тус үйлдвэр Авилгатай тэмцэх менежментийн тогтолцооны ISO 370012024 стандартыг нутагшуулан нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.