Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийнэ
3 Өдрийн өмнө
293
Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийнэ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар дараах байр суурийг УИХ-ын нэгдсэн чуулганы индрээс илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлье. Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга. Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчмыг барих ёстой гэж үзэж байна. Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй, нэгдмэл байдлыг чанд сахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана. Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, “тооноос чанарт” шилжиж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодит алхмууд хийнэ" гэв. 

"2025 оны төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлэх бөгөөд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасарч байгаа тул тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үргүй зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танахгүй бол цаашдаа улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна” гэдгийг шинэ Ерөнхий сайд мэдэгдсэн. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.