"Оюу толгой" ХХК гүний уурхайн Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтаа түр зогсоолоо
4 Цагийн өмнө
108
"Оюу толгой" ХХК гүний уурхайн Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтаа түр зогсоолоо
Оюу толгойн уурхайн үйл ажиллагааны зогсолтгүй байдлыг хангахын тулд гүний уурхайн Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтыг энэ сараас түр зогсоож байгааг тус компани мэдэгдлээ. Учир нь Оюу толгойн бүлэг ордын хэсэг болох “Онтре” ХХК (Entrée Resources LTD)-ийн эзэмшиж байгаа талбайн лицензийг шилжүүлэх хэлэлцээ “Онтре” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд үргэлжилж байгаа тул бид шийдвэр эцэслэгдтэл өөр компанийн лицензтэй талбайд нэвтрэх боломжгүй аж.
 
Үүссэн энэхүү нөхцөл байдал нь "Оюу толгой" компанийн 2025 оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд нөлөөлөхгүй бөгөөд зэсийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн жилд дунджаар 500 мянган тонн хүргэх зорилт хэвээр гэдгийг тус компани тодотгожээ.
 
2025, 2026 оны төлөвлөгөөт хуваарийн дагуу Панел 0, Панел 2 хэсэгт уурхайн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэл үргэлжлэх бөгөөд “Онтре” ХХК-ийн лицензтэй талбайд хамаарахгүй Панел 2 хэсгийн өмнөд талбайг олборлолтод бэлдэн уулын ажлын төлөвлөгөөнд түр хугацааны өөрчлөлт оруулсан байна.
 
Уурхайн ажлын төлөвлөгөөний энэхүү өөрчлөлт нь “Онтре” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд лиценз эзэмшлийг шилжүүлэх хэлцэл эцэслэгдэх хүртэлх хугацаанд уурхайн үйл ажиллагааны зогсолтгүй байдлыг хангахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэдгийг "Оюу толгой" ХХК мэдэгдлээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.