Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-аас 2025 оны тавдугаар сарын гадаад худалдааны статистик мэдээллийг танилцууллаа. Тайлант хугацаанд гадаад худалдааны тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Тодруулбал, 2025 оны эхний 5 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9964.7 сая ам.доллар болж, 2024 оны мөн үеэс 786.5 сая ам.доллар буюу 7.3 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 884.5 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Хэдий эерэг гарсан боловч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55 хувиар буурсан байна.
Оны эхний 5 сарын дүнгээр экспортод 5424.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар буурсан байна. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4834.5 сая ам.доллар буюу 89.1 хувийг дангаар бүрдүүллээ.