Чанаргүй зээлийн хувь хэмжээ 4.4 хувьд буюу 2015 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ
Чанаргүй зээлийн хувь хэмжээ 4.4 хувьд буюу 2015 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, энэ талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм.

Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг бүрэн сэргэсэн хэдий ч гадаад орчны нөхцөл тодорхойгүй байгааг тодотгов. Тиймээс 2024 оны эдийн засгийн гүйцэтгэлийг цаашид тогтвортой хадгалах нь маш том сорилт болох төлөвтэй байгааг дурдаад энэ нөхцөл байдалтай уялдуулан Төв банк дотоод эдийн засагт бодлогын тохируулга хийж байгаа гэв.

Манай улсын эдийн засаг 2023-2024 онд зудын хүндрэлтэй нүүр тулж, хөдөө аж ахуйн салбар хоёр жил дараалан агшсан. Үүнээс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурах, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл үүссэн байна. Энэхүү хүндрэлийг зөөлрүүлэх, малчдын төлбөрийн чадварын эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк 2024 онд бодлогын хүүг үе шаттайгаар бууруулж 10 хувьд хүргэжээ. Түүнчлэн, эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого үр дүнгээ өгч, инфляц 2024 оны туршид Төв банкны зорилтот интервалд хадгалагдсан нь эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн гэв. Гадаад эрэлтийн таатай нөхцөл байдал үргэлжилж, экспортын орлого нэмэгдэж байсан таатай боломжийг ашиглан гадаад валютын улсын нөөцийг 2024 онд түүхэн дээд хэмжээнд буюу 5.5 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа.

Цаашлаад, Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний ашиглалтын үлдэгдлийг 2 дахин бууруулж, гадаад өрийн дарамтыг багасгасан гэв. Эдийн засаг тогтворжиж, гадаад төлбөрийн чадвар сайжран, инфляц зорилтот түвшинд хүрч буурсныг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд эергээр үнэлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэн нэг шат ахиулжээ. Ингэснээр Засгийн газар болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс таатай нөхцлөөр өртөг багатай санхүүжилт татах боломж бүрдэж байгаа аж.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, банкуудын засаглалыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк банкны хяналт шалгалтын бодлого, зохицуулалтыг орчныг тасралтгүй сайжруулан ажиллаж байнгаа аж. Үүний үр дүнд банкны салбарын актив хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 25.1 хувиар буюу 14.3 их наяд төгрөгөөр өсөж 71.4 их наяд төгрөгт хүрсэн. Чанаргүй зээлийн хувь хэмжээ 4.4 хувьд буюу 2015 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн эцсийн санхүүгийн тайланг олон улсын аудитын P&C компани баталгаажуулсан бөгөөд алдагдлыг 300 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.