Монгол орны хэмжээнд нүүрсний нийт бүртгэгдсэн нөөц 34.6 тэрбум тонн байгаа нь дэлхийн нийт нөөцийн 3.2 хувийг эзэлж байна. Өмнөд хөрш 2022 онд дэлхийн нийт нүүрс олборлолтын 50.9 хувийг бүрдүүлсэн бол Монгол Улс 0.5 хувийг бүрдүүлжээ. Төрлөөр нь ангилахад антрацит, коксжих, сул коксжих, эрчим хүч, хүрэн нүүрсний нөөц манай улсад бүртгэгдсэн байна.
Тухайлбал, 21 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц байна. Нүүрсний 15 сав газарт 300 гаруй ордын нөөц тогтоогдсон. Нөөцийг бүс нутгаар нь авч үзвэл Төв, Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймаг хамгийн их нөөцтэйд тооцогдож байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд буюу 1990-2022 онд манай улс нийт 600 гаруй сая тонн нүүрс олборложээ. Энэ нь нийт батлагдсан нүүрсний нөөцийн 0.02 хувьтай тэнцэх хэмжээ аж.
2023 оны хувьд нүүрсний экспорт он дуусахаас 40 хоногийн өмнө 60 сая тоннд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор давсан. 60 сая тонн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад түүхэн дээд үзүүлэлтэд одоогоор тооцогдож байна.
Улсын хэмжээнд энэ оны байдлаар нүүрсний 304 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр, үүнийг 170 гаруй аж ахуйн нэгж эзэмшиж байна.
Идэвхтэй олборлож буй хамгийн их нөөцтэй нүүрсний уурхай гэвэл Тавантолгой-Баруун Цанхи, Тавантолгой-Зүүн Цанхи, Багануур, Тавантолгой-Бортээг, Нарийнсухайт, Ухаахудаг, Шивээ овоо, Баруун наран, Адуунчулуун, Овоот, Овооттолгой, Хөшөөт эрэмбэлэгдэж байна.