"Эрч хүч, Эв нэгдэл" уриан дор зохион байгуулагдаж буй "Уурхайчдын спортын их наадам-2025" нэгдсэн арга хэмжээ “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 2000 бүйлс мод тарих хөтөлбөрөөр Эрдэнэт хотноо ийнхүү эхэллээ. Уурхайчид "Ногоон төгөл" хотхонд тариалсан бүйлс нь хавар эрт цэцэглэж, 2.5 метр хүртэл өндөр ургадаг, гоёмсог бутлаг ургамал юм.
Суулгац үрийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн ойн мэргэжилтнүүд үржүүлэн, бэлдсэн байна. Тус нэгжийн мэргэжилтнүүд нэг жилд 800 мянган тарьц, суулгацын үр үржүүлэн, ургуулдаг аж.
Өнөөдөр "Олон улсын биологийн олон янз байдлын өдөр" тохиож буй.
Өнөөдрөөс эхлэн ням гараг хүртэл /2025.05 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд/ болох “Уурхайчдын спортын их наадам”-д 40 багийн 1800 орчим тамирчин спортын олон төрөлд өрсөлдөн, авхаалж самбаа, хурд хүчээ сорих юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбар нийт 600 гаруй сая мод тарьж, ургуулахаар байгаа. "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд одоогоор 3.5 сая модыг тарьж, ургуулжээ.