Баянхөндий төслийн гүйцэтгэл 92 хувьд хүрээд байна
2 Өдрийн өмнө
427
Баянхөндий төслийн гүйцэтгэл 92 хувьд хүрээд байна

"Эрдэнэ Ресурс Девелопмент" компанийн хөгжүүлж буй Баянхөндий алтны төслийн барилга, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 92 хувьд хүрсэн бөгөөд төслийн талбайд одоогоор 700 гаруй ажилтан ажиллаж байна. Төслийн эхний 10 байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн ба хоёрдугаар улиралд үлдсэн дэд бүтцийн байгууламжуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүнд ажилтнуудын кемпийн цогцолбор, 240 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон лаборатори багтаж байна.

Боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд шугам хоолой, цахилгаан болон багаж тоног төхөөрөмжүүдийн суурилуулалт, туузан дамжуулагч, бутлах болон нунтаглах хэсгүүдийн угсралтыг бүрэн дуусгах ажил хийгдэж байна. Үүнтэй зэрэгцэн, уурхайн тоног төхөөрөмж төслийн талбайд ирж эхэлсэн ба операторуудын сургалт, хөрс хуулалтын ажил удахгүй эхэлнэ гэдгийг Эрдэнэ Ресурсийн зүгээс онцоллоо.

erdene_mongol 

Төслийн талбай дээр ажиллаж буй ажилтнуудын 29% нь Баянхонгор аймгийн иргэд ба дийлэнх нь төсөлтэй хамгийн ойр орших Шинэжинст сумын иргэд аж. Мөн төслийн нийт ажилтны 23% нь эмэгтэй ажилтнууд байна.

Баянхөндий төсөл дээр ажиллах хүнд машин механизмын операторын сургалтыг 8 дахь удаагаа зохион байгуулж, орон нутгийн нийт 160 иргэдийг хамруулсан ба операторууд ММС-ийн Ухаа худаг уурхайд дадлагажин ажиллажээ.

Төсөл хэрэгжүүлэгч компани 2025 оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын дийлэнх хувийг эцэслэн, 2025 оны гуравдугаар улиралд алтны олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж буй. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.