Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
5 Өдрийн өмнө
105
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол үргэлжилж байна.
 
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь тэргүүтэй хоёр улсын Засгийн газар, холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.
497875635_1096520119171531_206718769260655180_n 
 
Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүллээ.
 
Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.
497653473_1096571962499680_6044392673478142315_n 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци /CRDC/ гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрнийинженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ хийж хэрэгжүүлэх юм.

Тус компани нь дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн 43-т эрэмбэлэгддэг CRCC корпорацын 100 хувийн охин компани, БНХАУ-ын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийн “ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛ”-ийн зөвшөөрөлтэй, 2100 гаруй ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 7 тэрбум доллар, БНХАУ-ын төмөр замын тэргүүлэх зэргийн барилгын компани юм.

Барилга угсралтын ажлыг 2025 оны 05 дугаар сард эхлүүлж, 22 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

496392037_1080962600722682_447865751972923382_n 

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх ба төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.

494105065_1232018178480903_5900836488206091518_n 

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавхи, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно.

Энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Мөн тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх тооцоо гарчээ. Үүнээс гадна төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болох юм.

Төслийн хүрээнд үндсэн 7 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

  1. Төмөр замын дээд ба доод бүтцийн ажил
  2. Гүүрэн байгууламж
  3. Эрчим хүчний дэд бүтэц
  4. Барилга байгууламжууд
  5. Дохиолол, холбооны систем
  6. Авто зам, дэд бүтэц
  7. Гааль, хилийн хяналтын цогцолбор зэрэг барилга байгууламжийг барих юм. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.