Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ОНЦЛОХ БАРИМТУУД
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ОНЦЛОХ БАРИМТУУД
Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. 
 
  • Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн нар анх 2004 оноос хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2020 онд “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т албан ёсоор тусгаж, 2021 онд хоёр улсын төмөр замаар холбох хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тогтоосон.
  • Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж, соёрхон баталсан.
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагаагхэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэхүү гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Монгол Улсын Зам, тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч,өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.
  • Төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци /CRDC/ гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрнийинженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ хийж хэрэгжүүлнэ.
  • “Хятадын төмөр замын барилгын гүүрнийинженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ нь дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн 43-т эрэмбэлэгддэг CRCC корпорацын 100 хувийн охин компани, БНХАУ-ын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийн “ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛ”-ийн зөвшөөрөлтэй, 2100 гаруй ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 7 тэрбум доллар, БНХАУ-ын төмөр замын тэргүүлэх зэргийн барилгын компани.
  • Төмөр замын төслийн барилга угсралтын ажлыг 2025 оны 05 дугаар сард эхлүүлж, 22 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
  • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна.
  • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан ажиллана.
  • Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавхи, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно.
  • Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэнэ.
  • Төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тооцож байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.