“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр болж, 2024 оны үйл ажиллагаа болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ.
Хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс, металлын группийн зохицуулагч С.Батхуяг даргалж, Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Үйлдвэрлэл технологийн зөвлөлийн зохицуулагч Ж.Ганбаатар болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн удирдлагууд оролцлоо.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь өнгөрөгч онд 2,547,7 мян.м3 хөрс хуулж төлөвлөгөөний биелэлт 92 хувь, 2,565.8 мян.тн хүдэр олборлож төлөвлөгөөний биелэлт 100 хувь, 2,193.1 мян.тн төмрийн хүдрийн баяжмалыг үйлдвэрлэж төлөвлөгөөний биелэлтийг 108 хувиар биелүүлжээ.
Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн хувьд 34.000 тн хаягдал төмрийг боловсруулж, 35.000 тн ган бүтээгдэхүүн, 36.000 тн бэлдэц үйлдвэрлэж, нийт 291.7 тэрбум төгрөгийн орлоготой, 52 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 55.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэнийг толгой компаниас хангалттай гэж дүгнэлээ.
Тус компани нь 91 биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 1,3 сая.тн төмрийн хүдрийн баяжмалыг 87,5 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Өнгөрсөн онд тус компани Төмөртэй төмрийн хүдрийн ордын зүүн хэсэгт олон улсын Жорк стандартаар гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын дүнд төмрийн хүдрийн нөөцийг 20.5 сая тонноор нэмэгдүүлж, 236.6 сая.тн төмрийн хүдрийн нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ.