Эрчим хүчний зохицуулах хороонд Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцуулав
2025.04.28
83
Эрчим хүчний зохицуулах хороонд Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцуулав

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг өнөөдөр (2025.04.28) гүйцэтгэх багийн бүрэлдэхүүний хамт Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллаж, Дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг танилцууллаа.

Цахилгааны болон дулааны эрчим хүчний салбарын харилцааг өнөөдөр Эрчим хүчний тухай хуулиар нэгтгэн, ерөнхийд нь зохицуулж байна. Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт ихээхэн ерөнхий учир нарийвчилсан харилцааг олон тооны журам гаргаж зохицуулахаар өөр аргагүй байдалд орж буй. Иймд хуулийг илүү нарийвчлах үүднээс цахилгааны болон дулааны эрчим хүчний харилцааг тус бүрд нь бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэснийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг дурдаад, харилцааг журам, дүрмээр зохицуулах нь тухай салбарын бодлого, үйл ажиллагааг харьцангуй тогтворгүй, хөрөнгө оруулалт татах боломжгүй болгож, хэтийн төлөв, хөгжлийн чиг хандлагад сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцолсон юм.

Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, инженер Х.Эрдэнэчулуун танилцуулсан юм. Тэрбээр, улс орны аж үйлдвэрлэл, хүн амын суурь хэрэглээ бөгөөд хэрэглэгчдийг тасралтгүй, аюулгүй, найдвартай хангах шалгуурыг нарийвчлан хуульчилж байгааг чухалчлан дурдав. Салбарын хөгжлийн чиг хандлагыг харгалзан төвлөрсөн хангамжийн системээс гадна хэсэгчилсэн хангамжийн системүүд, эх үүсвэрүүд бий болох боломжийг нээхэд хуулийн төсөл чиглэсэн байна. Дулаан хангамжийн системийг төлөвлөх, техник технологийн үзүүлэлт, нөхцөлийг нарийвчлах, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулаххэрэглэгч хэрэглээгээ өөрөө төлөвлөөдхэрэгжүүлээд явах боломжтой байхүнэ тарифын зохицуулалтыг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглүүлэх зэрэг өргөн хүрээтэй зохицуулалт хуулийн төсөлд тусжээ.­

Манай улс байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг бүс нутгийн хамааралтайгаар хязгаарлагдмал хүрээнд төлөвлөж хэрэгжүүлдэг онцлогтой учир салбарын бодлого, төлөвлөлтийг мөн энэхүү хамааралд нь тодорхой тусгасан байна. Тодруулбал, системийн үйл ажиллагаанд аймаг, нийслэл, хотын захиргааны эрх, үүргийг багагүй оролцоотой байхаар зааж, техникийн нөхцөлийг үйлдвэрлэхээс эхлэн хэрэглэгчдэд хүргэх бүх үе шатанд нарийвчлан тодорхойлсон байна. Мөн түгээх сүлжээнд “нийтийн сүлжээ” гэх ойлголтыг бий болгож, хоёроос дээш хэрэглэгч холбогдох уг сүлжээний эрх зүйн болон эдийн засгийн харилцааг журамлажээ. Түүнчлэн дулааны эрчим хүчийг нарийвчлан тоолж, үнэ төлбөрийг тоолуураар тооцож байхаар хуулийн төсөлд тусгаад байна.

478bc8cc3c0b48d68f50cd01023cacca 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.