“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэр: Чөлөөт мөнгөн урсгалаа эерэг болгохыг зорьж байна
4 Өдрийн өмнө
419
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэр:  Чөлөөт мөнгөн урсгалаа эерэг болгохыг зорьж байна

"Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер компанийн 2025 оны зорилтуудаа Эдийн засгийн сэтгүүлчдийн клубт танилцууллаа. “Оюу толгой” компани хөгжлийнхөө онцгой бөгөөд шинэ тутам гэж хэлж болох цаг үе рүү шилжиж байгааг тэрбээр онцоллоо.

Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "Гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр 2025 он Оюу толгойн хувьд томоохон өөрчлөлтийн жил байх болно. Тодруулбал, энэ жил бид зэсийн үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулбал 50% нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ бол маш том амбиц юм. 2028-2036 оны хооронд жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилт төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. 2025 онд нийт 325-348 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.  Түүнчлэн чөлөөт мөнгөн урсгалаа эерэг болгохыг зорьж байна.  Цаашилбал, үйл ажиллагааны өгөөжийг аль болох нэмэгдүүлэх  амлалтдаа хүрч, тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох зорилгынхоо төлөө тууштай ажиллаж байна. Ажилтнуудынхаа амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, олон талт  байдлыг нэмэгдүүлэх, оролцогч талуудтай үр дүнтэй хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих чиглэлд хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Эдгээр зорилгод хүрэхэд аюулгүй ажиллагаа бидний нэн тэргүүлэх зорилт юм. Ил тод байдлаа сайжруулах тодорхой зорилт тавин хэрэгжүүлж эхлээд байна. Үүний дагуу хувь нийлүүлэгч тал болох "Эрдэнэс Оюу Толгой" компанитай нягт хамтран ажиллаж байна. Ингэснээр хувьцаа эзэмшигчид төдийгүй олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, оролцогч талуудад цаг үеийн мэдээлэл, тоо баримтууд илүү нээлттэй, хүртээмжтэй хүрнэ гэж итгэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.