Оюу толгойн уурхайд хиймэл оюун ухааныг ашиглан тоног төхөөрөмжийн одоогийн болон ирээдүйд гарч болох эвдрэл гэмтлийг урьдчилан мэдэх боломжтой боллоо. "Оюутолгой" компани Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Гүний уурхайн тоног төхөөрөмжийн чичиргээ болон ажиллагааны параметрүүдийг тасралтгүй цуглуулж, хиймэл оюун ухаан, машин сургалт ашиглан доголдол, эвдрэл гэмтлийг урьдчилан тодорхойлох зорилготой "Зэсийн ухаалаг үйлдвэрлэл" төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Одоогийн байдлаар цахилгаан экскаватор, ачигч машинууд, бөмбөлөгт тээрэм, хагас өөрөө нунтаглах тээрэм, хөвүүлэн баяжуулах танк, анхдагч бутлуур болон туузан дамжуургууд дээр цахим мэдрэгчүүд суурилуулжээ. Энэхүү систем нь цахим мэдрэгчээр тасралтгүй мэдээлэл цуглуулж, өндөр нарийвчлалтай дүн шинжилгээ хийх боломж олгох аж. Ингэснээр засварын ажлыг эрт төлөвлөн, сул зогсолт, зардлыг бууруулж, найдвартай ажиллагааг хангах, урт хугацаандаа зэсийн олборлолтын үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна.