“Э” үсэгтэй компани 2026 онд ногдол ашиг тараах хүлээлт талаар болж мэдэхээр байна
20 Цагийн өмнө
245
“Э” үсэгтэй компани 2026 онд ногдол ашиг тараах хүлээлт талаар болж мэдэхээр байна

Эрдэнэт үйлдвэрээс өөр тулах цэггүй Монголын төр дахин нэг "Э" үсэгтэй компани нүүрсний салбарт одоогоос 15 жилийн өмнө "угсарсан" билээ. Энэ бол өнөөдрийн “Эрдэнэс Тавантолгой” юм. Тавантолгойн бүлэг ордод олборлолтоо 2011 онд эхлүүлж, үүнээс хойш 15 жилийн хугацаанд тус компани төлөвшиж, Монголын бизнесийн тодорхой бус, улс төрийн нөлөө, хамаарал ихтэй орчинд богино хугацаанд учраа олжээ.

Эргэн харахад, хамгийн их өсөлт, тэлэлтээр өөрийн түүхээ өнгөлөн бичиж яваа аж ахуйн нэгжүүдийн нэг "Эрдэнэс Тавантолгой" болж чадсан байна. Тус компани энэ жил 15 нас хүрнэ. 

Байгуулагдсан цагаасаа л өрийн тулам болж, улстөрчдийн сонгуулийн амлалтыг биелүүлэх гэж зутарсан "Эрдэнэс Тавантолгой" ХК 2017 оноос л санхүүгийн чадамжтай болж, өрийн дарамтаас сугаран гарсан. Энэ цаг үеэс тус компанийн өсөлт, тэлэлт, өөрчлөн байгуулалт эхэлсэн гэж хэлж болно. Тус компанийн нөөц, боломжийг улстөрчид л хамгийн ихээр самран тарамддаг. 

Хэцүү өдрүүд "Э" компанийн түүхэнд байсан. Өр дарахад үйл ажиллагаагаа үндсэндээ чиглүүлж, олборлосон бүхий л нүүрсээ өр, хүүгийн төлбөрт өгчихдөг үе байлаа. Бараг л компани зогсохдоо тултлаа нөхцөл байдал муудаж байсан. Харин өнөөдөр энэ бүхэн ард үлдэж, өр дардаг бус Үндэсний баялгийн санг арвижуулах үүрэг хүлээдэг болсон байна. Том дэвшлүүдийн нэг нь энэ. 

Компани 2024 оныг түүхэн өсөлтөөр үдэж, 2025 оныг шинэ сорилтоор угтан авсан. Сорилт нь нүүрсний үнийн 40 хүртэлх хувийн уналт байлаа. Гадаад зах зээлийн үнийн донсолгоон "Эрдэнэс Тавантолгой"-г тойрох учиргүй. Нүүрсний бизнесийг хамарсан үнийн өөрчлөлт бүхий л салбарт шууд болон шууд бусаар нэвчин мэдрэгдэх болов. Хамгийн том нөллөөлийн сүүдэр нь төсвийн орлогоор илэрч байна. Төсвийн орлогыг тодорхойлох нүүрсний үнэ эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өөрчилж, бизнесийн орчинд шинэ нөхцөл байдал үүсгэж эхэллээ.  

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 26.4 хувийг Монгол Улсын иргэд, 73 хувийг Засгийн газар, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Тус компани 2024 онд 30 сая тонн нүүрс олборлож, 29.8 сая тонн нүүрс борлуулж, 3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Ингэснээр цэвэр ашгийн хэмжээ 4.7 их наяд төгрөгт хүрч, компанийн түүхэн дээд үзүүлэлт болсон. Энэ амжилт, энэ үзүүлэлт 2025 онд үргэлжлэх эсэх нь тун бүрхэг байна. Гадаад зах зээлийн нөлөөг бид эндээс захирах, удирдах боломжгүй. 

2024 оны компанийн цэвэр ашигт үндэслэн 1072 хувьцаа эзэмшигч иргэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК 350 мянган төгрөгийн ногдол ашгийг хэсэгчлэн /гурав хувааж/ олгож дууссан. Зах зээлийн үнийн уналт цаашид гүнзгийрэх тусам "Эрдэнэс Тавантолгой" ХК үргэлжлэн өндөр ашигтай ажиллах, улмаар 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өнөө жил шиг тараах боломж нь хумигдах эрсдэл үүсэхээр байгаа юм. Коксжих нүүрсний үнийн газардалт хэр хүчтэй байхаас компанийн хэт ирээдүй ч шалтгаална. 1072 хувьцаатай иргэдийн хувьд нүүрсний үнийн уналтаас үүдэн 2026 онд ногдол ашиг хүлээх, авах найдвар улам багасаж байна. 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.