Хөтөл "Цемент Шохой" ТӨХК 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 7.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Нэг хүнд ногдох сарын дундаж цалин нь 2.8 сая төгрөгт хүрч, 2022 оны үзүүлэлтээс 600 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
"Цемент Шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар "Бид дараагийн 40 жилд цемент, шохойн үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, барилгын материалын салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, дэвшилтэт, инновац шингэсэн техник, технологийг нэвтрүүлэх, өртөг зардлаа бууруулах замаар цемент, шохойн үнийг бага түвшинд барих чиглэлд илүү төвлөрч ажиллаж байна" хэмээн өгүүлсэн юм.
Тус үйлдвэрийн түүхт 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. "Цемент Шохой" ТӨХК нь дотоодын цементийн зах зээлийн 40 хүртэлх хувийг дангаар бүрдүүлж байна. Компанийн ашигт ажиллагаа сүүлийн хоёр жил дараалан нэмэгдэж, бүтээгдэхүүний нийлүүлэлт ч зах зээлд өсөж буй.