Монголбанк 2025 оны эдийн засгийн төсөөллөө сэтгүүлчдэд танилцууллаа. Төв банк энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.4 хувь гэж тун өөдрөг таамаглав. Харин ирэх оны өсөлтийг нэлээд бууруулж, 6 хувиар төсөөлжээ. Өсөлтийн голлох хөшүүрэг нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбар байхаар байна.
Эдийн засаг 7.4 хувиар өсөхөд нүүрсний олборлолт өндөр түвшинд хадгалагдах, Оюу толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт эрчимжих хүлээлттэй байна.
Мөн хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, эрчим хүч болон дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг нь уул уурхайн бус салбарын өсөлтийг тэтгэхээр байна.
2024 оны хувьд манай улсын эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 4.9 хувиар өсжээ.