Зэсийн зах зээлд онцгой үе тохиох хүлээлт үүслээ. Учир нь, нийлүүлэлтийн шокоос үүдэн зэсийн үнэ ирэх саруудад улам чангарах, тонн тутам нь 10 мянган ам.доллар давах таамгийг "Citigroup" дэвшүүлэв. Оны эхний хагаст зэсийн үнийн өсөлт тасралтгүй үргэлжлэх бөгөөд уг өсөлт эрдсийн зах зээл дэх хамгийн өнгөлөг мэдээ болж байна.
Зэсийн зах зээлийн хувьд эерэг дүр зураг маш тод томруун харагдах бөгөөд оны гуравдугаар улиралд тонн тутам нь 10 мянга орчимд тогтворжих төсөөллийг "Goldman sachs" хийгээд байна. Зэсийн үнэ энэ он гарсаар 12 орчим хувиар өсөөд буй.
Лондоны металлын биржийн үнэ хамгийн сүүлийн арилжаагаар 9800 ам.долларт дөхөж ирсэн. 2025 он төдийгүй ирэх жилүүдэд зэсийн нийлүүлэлт тасалдах, хомсдол улам гүнзгийрэх эрсдэл байгаа юм. Энэ байдал нь зэсийн ханшийг байнгын өсөлт рүү хөтлөх хүлээлттэй байна.