З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа танилцууллаа. Хуулийн шинэчлэлийн гол зорилго нь Хөгжлийн банк экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлогч аж ахуй нэгжүүдийн гадаад зах зээл дээрх өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн ажил үйлчилгээг илүү түлхүү үзүүлэхээр тусгасан.

Энэ талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа мэдээлэхдээ “Хөгжлийн банк сүүлийн үед балансын орчныг эрүүл болгох, муу зээлүүдийг төлүүлэх, өглөг авлагаа хэвийн болгох тал дээр сайн ажиллаа. Засгийн газрын зүгээс дүрмийн санг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн шинэ орчныг бүрдүүлэхэд дэмжин ажиллаж байна. Хөгжлийн банкны тухай хуулийн энэхүү төсөл батлагдсанаар илүү олон эх үүсвэрийг гадаад зах зээл дээрээс босгож, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хөгжлийн зорилтот зах зээл рүү нь чиглүүлж санхүүжүүлэх боломж бүрдэх юм. Институтийн хувьд Хөгжлийн банкны үйл ажиллагаа, үүрэг, чиглэл маш тодорхой байх ёстой. Бид зорилтот зах зээл рүүгээ оновчтой үр өгөөжтэй хөрөнгө оруулалт санхүүжилтийг хийнэ. Мэдээж бүх салбарт хөрөнгө оруулах боломжгүй. Зах зээлийн гадаад, дотоод нөхцөл байдлаа тооцож зөвхөн экспортын орлогыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөхөд хөрөнгө оруулна.

Хөгжлийн банканд засаглалын том өөрчлөлт хийхээр энэхүү хуулийн төслийг өргөн барьсан. Олон улсын компанийн засаглал, олон улсын комплаенсын менежментийн систем рүү Хөгжлийн банк орж байгаа. Өнгөрсөн хугацаанд арилжааны банктай ижил түвшний зээл санхүүжүүлдэг байсан бол одоо зөвхөн хөгжлийн төслийг санхүүжүүлж, түүнд зориулсан эх үүсвэрүүдийг босгодог банк болж өөрчлөгдөж байгаа. Тиймээс үйл ажиллагаагаа үүнд чиглүүлэхэд эрх зүйн шинэ зохицуулалт дэмжлэг болно” гэлээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.