Л.Оюун-Эрдэнэ: АМНАТ буюу роялтиг Баялаг ашигласны төлбөр гэж хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа
1 Өдрийн өмнө
296
Л.Оюун-Эрдэнэ: АМНАТ буюу роялтиг Баялаг ашигласны төлбөр гэж хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа
"Өдрийн сонин"-ны 2025 оны гуравдугаар сарын 10-ны буюу Даваа гарагийн дугаарт Сэтгүүлч, тоймч Э.Энэрэлийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан "Хаа сайгүй л баг хуулагдаж байна" гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгдсэн билээ. Ерөнхий сайдтай ярилцсан сэтгүүлч нийгэм, улс төр, цаг үеийн эргэлзээ тээсэн олон асуултанд хариулт авах гэж зорьжээ. Ярилцлагаас дараах эшлэлийг түүвэрлэн хүргэе.
 
- Хамтарсан засаг байгуулагдаж, олон жил гацсан том төслүүдийг зарлаж, дөрвөн том төслийг нь луу жилдээ багтаан УИХ баталлаа.
 
-Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалтын орчноо сайж­руулна. Төсвийн орон зайг хувийн хэвшилд шилжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлнэ.
 
-Эдийн засгийн гол түнш БНХАУ-тай олон томоохон асуудлыг шийд­вэрлэж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ бол харилцан итгэлцэл. Ер нь монголчууд бид хөрш орон­тойгоо ойлголцож чадахгүй бол хэнтэй ч ойлголцож чадахгүй.
 
-ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын төслүүд болох хийн хоолойн төсөл, төмөр замын баруун зүүн коридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус байх болно.
 
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дараа Монгол Францын Ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдлаа. 34 хувийг АМНАТ-өөр орлуулах хэлцэл хийгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь олон давуу талыг үүсгэж байгааг тэмдэглэж байсан.
 
-Цаашид АМНАТ буюу роялтиг Баялаг ашигласны төлбөр гэж сонгодог агуулгаар нь хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа. 2030 оноос цааш баялаг ашигласны төлбөрийг ирээдүйгээс гадна хуримтлал ба хөгжлийн асуудалд зарцуулахаар төлөвлөж байна.
 
-2012 онд хүрч байсан үр дүнгээсээ бид 12 жил алдаж, одоо л эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжиж, зээлээ төлж, зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа.
 
-Цар тахлаас хойш эдийн засаг нь хурдтай тэлж буй цөөн улсуудын нэг бол манай улс. Өсөлт ч үгүй, хүртээмж ч үгүй байсан үе байсныг мартаж болохгүй. Өнөөдөр өсөлтөө хүртээмж болгох мэтгэлцээн өрнөж буй нь сайн зүйл.
 
-Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.
 
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулж, нэг талдаа УИХ-аас чиглэл авах шаардлага гарсан, нөгөө талдаа иргэдийн мэдэх эрхийг хангаж нэгдмэл ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн.
 
-Үндэсний баялгийн сангийн асуудлыг өргөн агуулгаар харах нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойд үүссэн өр, Тавантолгой тойрсон асуудалд Засгийн газар анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Цэгцэрч байгаа учраас ч Үндэсний баялгийн сан бүрдэж эхэлж байна. Таны дурдсанаар, Баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн хуримтлал болсон. 
 
-“MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм. 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.