Дарханы төмөрлөгийн үйлдвэр 23.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 23.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
Биржийн арилжаанаас 7,1 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяа Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 оны гуравдугаар улиралд хоёр сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, 584 мянган тонныг экспортлоод байна. Уул уурхай, гангийн үйлдвэрлэл нь нийт 226 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, тайлант хугацаанд 23.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 

Аж үйлдвэрийн тулах цэг болсон Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь  жилдээ 100 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг. 

Концесс эзэмшигчдээс төрд шилжсэн цагаас хойш буюу 2022 оны 4 дүгээр сараас  2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 47 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 43 мянган тонныг борлуулжээ.

Үүнээс гадна Монголын хөрөнгийн биржээр төмрийн баяжмалын арилжааг энэ оны 9 дүгээр сарын 15-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 15 удаагийн арилжаа зохион байгуулагджээ. Хөрөнгийн биржийн 15 удаагийн арилжаанд нийлбэр дүнгээр 102 мянган тонн төмрийн баяжмалыг анхны дуудсан үнээс 15-23 хувиар өсгөж, амжилттай борлуулсан байна. Уг арилжаанаас нийтдээ 7,1 сая ам.долларын орлого Дархан төмөрлөгийн үйлдвэр төвлөрүүлж, ашигт ажиллагааны үзүүлэлт сайжирч, үр ашиг нь нэмэгджээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.