Оюу Толгойн нийт ажиллах хүчний 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ
Оюу Толгойн нийт ажиллах хүчний 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ
"Оюу Толгой" компани шинэчилсэн стратегиа олон нийтэд зарласан.

"Оюу Толгой" компани 2023 оны гуравдугаар улирлын ээлжит тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус компани улирал тутам гүний уурхайн бүтээн байгуулалтын явц, худалдан авалт, улсад төвлөрүүлсэн татвар хураамж, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны талаарх мэдээллээ дэлгэрэнгүй өгдөг.

"Оюутолгой" компани өнгөрсөн сард буюу "Уул уурхайн 7 хоног" арга хэмжээний үеэр ирэх 10 жилийн турш мөрдөх шинэчилсэн стратегиа олон нийтэд зарласан. Өнөөдрийн хурлын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе" шинэ стратегиа дахин онцолсон юм.

"Оюу Толгой" үндсэн дөрвөн чиглэлээ нарийвчлан тодорхойлж, ирээдүйн 10 жилийг зураглах стратеги Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа 2050", дунд хугацааны "Шинэ сэргэлтийн бодлого", Рио Тинто компанийн зорилго, зорилттой нийцэж байгаа төдийгүй оролцогч талуудын дуу хоолойг тусган шингээжээ. 

"Оюу Толгой"-н гүний уурхайд 500 орчим эмэгтэйчүүд оператор, цахилгаанчин, тэргүүн эгнээний удирдах албан тушаалд ажиллаж байна. Одоогоор компанийн ажиллах хүчний 23 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Тэгвэл шинэчлэгдсэн стратегийн хүрээнд урт хугацаанд эмэгтэй ажилтны харьцааг 50 хувьд хүргэхийг зорьж байгааг “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тодотгов. 

Тайлант хугацаанд, гүний уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй урагшилж, 81 хувийн гүйцэтгэлд хүрээд байна.

Гуравдугаар улирлын байдлаар компани 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, 127.4 мянган тонн баяжмал дахь зэс, 135.6 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.