Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт удааширсан төслүүд эрчимжиж, шинэ цикль эхэллээ
6 Өдрийн өмнө
294
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт удааширсан төслүүд эрчимжиж, шинэ цикль эхэллээ

Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн тал нь аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжихээр байгаа. Том төслүүдийн тэргүүн эгнээнд уул уурхайн төслүүд эрэмбэлэгдэж, өнөөдөр түүчээ төслүүд эхнээсээ урагшилж байна. Уул уурхайн төслүүд хэрэгжиж байж л улс мөнгөтэй болж, ард түмний амьдралын чанар сайжирна. Бусад төслөө эхлүүлэх бололцоо бүрдэнэ. Өөрөөр бидэнд өнөөдрөө өөрчлөх, хөгжлийг хурдасгах хуримтлал нь алга. Үүнийг улс дотроо бүрэн дүүрэн ойлгох нь бас чухал байна. 

Өмнө нь уул уурхайн төслүүд урагшилж чадахгүй гацдаг, улс төрийн шахаанд илүүтэй ордог байлаа. Ингэж л цаг хугацаа хамгийн ихээр алдаж, асуудлууд шийдэлгүй хуримтлагддаг. Шийдэх мөнгөгүй үлддэг. Үр дүнд нь Монголын хөгжил бусдаас хоцордог. Тавантолгой төсөл энэ замаар хамгийн их орсон. Орох тоолонд нь олон монгол "хэлмэгдсэн". Мухар төмөр зам арай гэж баригдсан. Энэ шорвог алдаагаа бид давтаж л үл болно. Улс орны хөгжилд тус нэмэртэй төслүүдийг гацаах тусам Монголын эдийн засагт хохиролтой болсоор байсан. 

Эдийн засгаа өөд татаж, төсвөө орлоготой, валютын ханш тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэгч уул уурхайн салбарт төр, хувийн хэвшлийн цөөнгүй төслүүд итгэл тавин дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг /PDAC-2025/ тун удахгүй зорих гэж байна. Салбарт томоохон төслүүд мухардлаас гарч байгаа нь найдвар төрүүлнэ. Хөрөнгө оруулалт сэргэх сэжүүр болно. 

Өмнө нь гадна геополотик, эдийн засаг, улс төрийн ашиг сонирхлыг давж чадахгүй улсаараа урагшлах, хөгжих боломжоо бид хэдэнтээ алдсан. Дотоодын улс төрийн орчин ч тодорхой саад, "толгойны өвчин" болж ирсэн. Ийм зүдэргээт замаар Монголын уул уурхайн салбар явж ирсэн, одоо ч яваа. Гэхдээ нөхцөл байдал "манай тал"-д том зургаараа ашигтайгаар өөрчлөгдөж байна уу гэж харна. 

Үе үеийн салбар хариуцсан сайд нар нь олон улсын цараатай төслүүдээ аварч үлдэх, аварсан төслөө "хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх" гэж зорьдог. Гэвч зарим төсөл нь ажил болох замдаа "нурдаг" байлаа. Энэ хортой жишгийг хамтарсан Засгийн газар халж, найдвар тээсэн томоохон төслүүд уул уурхайн салбарт л хөдөлж, эрчимжиж эхэлж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын орчинд ч, улс гэрийн түвшинд ч нааштай мэдээ, эерэг мессеж юм. Арав гаруй жил буюу "Оюутолгой" төслөөс хойш зогсонги байдалд орсон эрдэс баялгийн салбар одоо л сэргэх, шинэ хэмнэлд шилжих бололтой. 

Өнөөдрийн засаг төрийн үйл ажиллагааг үнэлэх, тоох нэг хэмжүүр нь уул уурхай, аж үйлдвэрийн төслүүд болж,  эрх баригчдад ч давхар, давхар оноо авчирна. Магадгүй 2028 онд эргээд харахад, хамгийн олон төсөл эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбарт хөдөлсөн байх магадлал өндөр байгаа юм. 

Цаг үе нь хувьсаж, Монголчууд, Монгол Улс нэг талдаа гарч байна. Үүний илрэл нь аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт тод ажиглагдах болов. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хувьд 14 мега төслийн талыг нь хэрэгжүүлнэ. Хариуцсан салбарт нь хамаарах учраас "гал"-тай сэдэв рүү ханцуй шамлан орно оо гэсэн үг. Засаг байгуулагдсан цагаас хойш хүлээгдэж байсан том төслүүд эхнээсээ урагшилж байна. Түүний цаг үед эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбарт "шинэ сэргэлт" мэдрэгдэх хүлээлт хүрээгээ улам тэлээсэй. 

Учир нь, Ц.Туваан сайдын тэргүүлэх салбарт олон оныг элээсэн төслүүд хэлцлээс хэлэлцээрийн түвшинд ирж, Хөрөнгө оруулалтын гэрээнүүд зурагдаж байна. Итгэл үнэмшил энэ хэрээр олон хүнд төрж, төрүүлж байна. Хамтарсны хэрэг уул уурхайн салбарт илүүтэй гарч, ээлжит бүтээл нь Харбинд үзэглэсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээр байлаа. Зам,тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хослол хэлэлцээрийг барианд авчирлаа. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст  шийдвэрлэгдсэн. 

Засгийн газрын тодорхойлсон хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээр урт хугацааны улс төр, он дамнан үргэлжилсэн маргаанд цэг тавьж, бүтээн байгуулалт руу шилжлээ. Тавантолгойн нүүрсийг худалдах урт хугацааны гэрээг хэлэлцээрийн хүрээнд баталгаажууллаа. Алдаа, оноог нь цаг хугацаа хэлнэ, шүүнэ.

Зах зээлийн эгзэгтэй, ярвигтай цаг үед Засгийн газар ураны дараах төслөө хөдөлгөж, "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд шинэ цикль эхэлж байна. Монголын эдийн засгийг хөдөлгөх нүүрсний салбарт шинэ гарааны нөхцөл бүрдлээ. Тусгал нь ирэх жилүүдэд улам тодорно. Ямар гэрээ байгуулсан нь танигдана. 

Монголын нийгэм, улс төрийн хамгийн “мөлжүүр”-тэй сэдэв уул уурхай. Мэтгэлцээний талбар, сөргөлдөөний индэр, эдийн засгийн эрх чөлөөний баталгаа болж ирсэн уул уурхайн салбарт газрын ховор элемент, зэс хайлуулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүд гээд ар араасаа залгах ажил их байна. Цэгцрэх хөдөлгөөн уул уурхайн салбарт хамгийн эрчимтэй өрнөж эхэлж байна. 

Улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг уул уурхайн салбар ачааны хүндийг үүрч, зогсох эрхгүй ажилладаг. Салбарын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлууд, геологи хайгуулын салбараа дахин шинээр нээх зэрэг мега төслүүдтэй хамт эхлүүлэх мега бодлогууд ч анхаарлын төвд байна. Эдгээрийн автор нь салбарын сайд байдаг. Сайд хэрхэн ажиллах, ухаан зарах эсэхээс салбарын хөгжил шууд хамаардаг. Өнөөдөр аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар өндөр амбицтай ажиллах цаг үе мөн. Тэгж байж л бусад салбар нь тамир сууж, тэнхээ орно. Эдийн засаг хөл дээрээ босож, утаанаасаа бид сална. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.