Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж, тус улсын төрийн өмчит Газрын тос, байгалийн хийн үндэсний корпораци (CNPC)-ийн Ерөнхий захирал Хоу Цизүнь, Дэд ерөнхий захирал Жан Давэй тэргүүтэй тус компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд талууд өнгөрсөнд онд Шанхай хотод хийсэн уулзалтын үеэр ярилцсан асуудлууд үр дүнгээ өгч байгаад талархалтай байхын хамт цаашдын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Газрын тосны тухай хууль болон бусад хууль тогтоомжууд болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим заалтуудын зөрүүтэй байдлаас шалтгаалан гэрээлэгчийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой асуудлууд тулгарч байгаа хэдий ч хоёр тал асуудлуудыг шийдвэрлэх талаар байр суурь нэгтэй, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа гэдгийг сайд Ц.Туваан онцоллоо.
Cи Эн Пи Си компанийн охин компани болох Дачин ойлфийлд компани нь 65 гаруй жилийн түүхтэй, Дачингийн орд газар нь Хятадын томоохон орд газруудын нэг бөгөөд ашиглалтад шилжсэнээс хойш өнөөдрийн хүртэл хугацаанд 2,5 тэрбум тонн түүхийг тос олборлосон ба энэ нь Хятад Улсын хэмжээнд олборлосон нийт түүхий тосны 30 хувийг эзэлдэг.
Мөн Cи Эн Пи Си компани нь нефтийн боловсруулалт, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал өндөртэй, жилд 100 гаруй сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Монгол Улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой гэдгийг тус корпорацийн ерөнхий захирал Хоу Цизүнь онцоллоо. Гэхдээ талууд хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулах, тээвэр логистикийн боломж, нөхцлийг бүрдүүлэх, тогтвортой хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Петрочайна Дачин Тамсаг компанийн явуулж буй газрын тосны ашиглалтын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, түүхий тосны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, цаашид Монгол Улсын газрын тосны хайгуулын нээлттэй талбайнуудад шинээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг тавив.
Мөн Си Эн Пи Си компани нь дэлхийн хэмжээний газрын тосны компани бөгөөд техник технологи, хүний нөөц, санхүүгийн чадавхитай, салбарын олон жилийн туршлага бүхий мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн судалгаа, шинжилгээний сайн багтай. Иймд Монгол Улсын газрын тосны хайгуул, ашиглалтын өнөөгийн байдал, нөөц, хэтийн төлөвийн талаар нэгдсэн судалгааны тайлан боловсруулахад хамтран ажиллах, тэр дундаа нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр судалгааны ажил хийх боломжийн талаар ярилцлаа. Уулзалтаар талууд хоёр талын газрын тосны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааг тогтворжуулах зэрэг асуудлаар мэдээ, мэдээлэл солилцох, холбогдох ажлуудыг зохион байгуулах хоёр талын ажлын хэсгийг томилон ажиллуулахаар тохиролцов.