"Багануур” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 23.62 (хорин гурван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
2024 оны татварын дараах санхүүгийн тайлангаар 1 тэрбум 651 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул цэвэр ашгийн 30 хувь буюу 495.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах боллоо.
“Багануур” ХК-ийн хувьд 2005 оноос хойш хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараагаагүй байсан бөгөөд 20 жилийн дараа буюу 2025 онд ногдол ашиг хуваарилах боллоо. 2005 онд нэгж хувьцаанд 1.98 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилж байв.
Монголын Хөрөнгийн бирж дээр 2024.01.01-ний өдрийн байдлаар “Багануур” ХК-ийн нэгж хувьцааны үнэ 788 төгрөг байсан бол 2025.02.12-ны өдрийн байдлаар 2400 төгрөг болж 304.6 хувиар нэмэгджээ. Компани 2025 онд 6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бизнес төлөвлөгөөг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр батлуулан ажиллаж байна.