“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 биржийн цахим арилжаа зохион байгуулж, нийт 955.1 сая долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр борлуулаад байна.
Үүний 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай нүүрс, 3.0 сая тонн нүүрс нь сул коксжих нүүрс, 0.79 сая тонн эрчим хүчний нүүрс байв. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олоод байна.
Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулах биржийн тогтолцоог цогцлоох эрх зүйн орчинтой болсноор экспортын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаар буюу нээлттэй өрсөлдөөний зарчмаар худалдаалах боломж бий болсон. Ингэснээр ил тод байдал сайжрах, ашиг орлого, татвар, хураамж тэр хэрээр нэмэгдэх учиртай.
Төрийн өмчит компаниуд биржээр заавал бүтээгдэхүүнээ худалдаалах хуулийн заалттай бол хувийн хэвшилд сонголтыг нь сул чөлөөтэй орхисон. Энэ оны хувьд нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалж байна.