МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Судалгааны баг "Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр: Төлөв, чиг хандлага" сэдвээр судалгаа хийж, гарсан үр дүнгээ Уул уурхайн сэтгүүлчдийн клубт танилцууллаа. 2023 оны байдлаар ДНБ-ий 28 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна.
Манай улсын ДНБ-ий өсөлтийн дундаж 1991-2023 он хүртэлх 30 гаруй жилийн хугацаанд 4.5 хувь байжээ. 1996 оноос хойших уул уурхайн салбарын ДНБ-ий өсөлтийн дундаж 5.15 хувь, стандарт хазайлт 9.6 хувьтай гарсан байна. Энэ нь уул уурхайн салбар харьцангуй хэлбэлзэл өндөр гэдгийг илтгэх үзүүлэлт аж.