Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит "Өглөөний уулзалт"-ын зочноор Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх оролцлоо. Манай улсын хувьд 2008 онд ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой харилцааг зохицуулдаг бие даасан хуультай болсон. Хэдий эрх зүйн орчин бүрдсэн ч гэлээ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, мэдээлэл хангалтгүй, даатгалын тогтолцоотой уялдаагүйгээс осол, өвчлөлийн тохиолдлыг бүрэн бүртгэж чадахгүй байгаа юм.
Сүүлийн жилүүдэд манай улсад аж үйлдвэр, уурхай, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, үүнийг дагаад эрсдэлтэй ажлын байранд ажиллагсдыг хамгаалах ХАБЭА-н үйл ажиллагааг улам сайжруулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд гэмтэж, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна. Энэ нь зөвхөн бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо бөгөөд бодитой тохиолдол үүнээс хавьгүй өндөр байх магадлалтай.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын статистикаас харахад үйлдвэрлэлийн ослын бүртгэл, мэдээлэл сайн хөгжсөн Герман улсад 1000 ажилтанд оногдох ослын нийт тохиолдлын тоо 14.9 байгаа нь Монгол Улсынхаас 49.7 дахин өндөр байна. Иймд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, мэдээлэл, статистикийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай нь эндээс харагдах аж.
Уурхай, барилга, үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд төдийгүй бусад төрлийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч ажлын байрны шалтгаант осол, өвчлөлд өртөж байна. Тухайлбал 2023 оны 3-р улиралд үйлдвэрлэлийн ослын 261 тохиолдол бүртгэгдсэнээс 83 буюу 31.8% нь санхүү, даатгал, төрийн удирдлага, батлан хамгаалах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд зэрэг харьцангуй эрсдэл багатайд тооцогддог салбарт тохиолджээ. Тиймээс ХАБЭА-н бодлогыг бүх ажиллах хүчнийг эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангахад чиглүүлэх хэрэгтэй байна.
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй хүмүүс мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг ба үүнээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судлаачид мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүн амьдрах хугацаанаасаа дунджаар 8.05 жилийг алдаж буйг тогтоосон харамсалтай судалгааны дүн бий.
Дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог сайжруулах, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбартай уялдуулан хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, статистик, судалгааг хөгжүүлэх, албан бус салбарт зориулсан зохицуулалтыг бий болгох, цахим шилжилт зэрэг тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлагын хүрээнд ХАБЭА-н тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, дараах үр дүнд хүрэхээр зорьж байгааг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх онцоллоо.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг талуудын оролцоотойгоор боловсруулж, 2025 оны Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.