Оюу толгойн 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй мал аж ахуйн төсөл Ханбогдод хэрэгжиж эхэллээ
“Оюу толгой” компани, Ханбогд сум болон орон нутгийн малчид гурван талын төлөөлөл бүхий “Гурван талт зөвлөл”-ийг 2015 онд байгуулсан. Энэхүү зөвлөл нь Малчдын гомдол барагдуулах гэрээний хэрэгжилтийг хангах зорилготой бөгөөд малчдын амьжиргаа, ус бэлчээртэй холбоотой аливаа асуудлаар хэлэлцэж, хамтарсан шийдвэрийг гаргадаг.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хэрэгжүүлэх мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төслүүдийн оролцогч талууд болох Ханбогд сумын Засаг даргын тамгын газар, сумын нийт малчин өрхүүдийг хамруулсан “Галбын Говийн Торгон Сүрэг” дундын хоршоо болон “Оюу толгой” ХХК –ийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт:
•Махны чиглэлийн өсвөр үхэр бордох ферм байгуулах,
•Ингэний сүү бэлтгэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх,
•Хонины ноосон бордоо бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэхүү төслүүд нь малчдын орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг бий болгох ач холбогдолтой.
Эдгээрээс хамгийн эхний төсөл болох “Махны чиглэлийн өсвөр үхэр бордох ферм байгуулах” төсөлд “Оюу толгой” компани 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах, урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Эх сурвалж: "Оюу толгой" ХХК