Л.Оюун-Эрдэнийн он тооллоор Оюутолгой, Уран хөдөллөө, одоо Тавантолгой, Халзан бүрэгтэй...
1 Өдрийн өмнө
300
Л.Оюун-Эрдэнийн он тооллоор Оюутолгой, Уран хөдөллөө, одоо Тавантолгой, Халзан бүрэгтэй...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жилээ "дүүргэж", сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хамгийн удаанаар засаг тэргүүлсэн Ерөнхий сайдын "болзол" хангалаа. Дөрвөн жилийн босго давсан гүйцэтгэх засаглалын тэргүүн Монголын өнөөгийн улс төрд цөөн. Цөөн жишгийг тэр эвдэж, дөрвөн жилээр өөрийгөө дархлав. Хоёр танхимын нүүр үзсэн Ерөнхий сайд болж, парламентад суудалтай нөлөө бүхий намуудыг өөрийн танхимд "урьсан" Ерөнхий сайд улс төрийн хамгаалалт, хүч хавсран нэмлээ. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд болтлоо дэвшсэн Л.Оюун-Эрдэнийн дөрвөн жил Монгол төрийн дөрвөн жил байлаа. Түүний хувьд түүхэндээ хамгийн залуу Ерөнхий сайд болж, улс төрийн замналдаа шинэ хуудас эхлүүлсэн. Хувь тавилан нь уу, эсвэл улс төрийн тохироо юу, аль нэг нь түүнийг Монгол төрийн хойморт хөтлөн авчирч, эрх мэдлийн эгнээнд суулгасан. Наян оны төлөөлөл улс төрд ингэж ачаа үүрч, эгнээ сунгасан. 100 жилийн түүхтэй намаа ч авсан. Нам, төрийг хослон баригч болж, Монгол Улс "Харвард"-ын боловсролтой Ерөнхий сайдтай болсон. "Харвард" гэдэг үг энэ цагаас олны дунд ихээхэн маргаан өрнүүлж эхэлсэн. 

Өнгөрсөн дөрвөн жил бидэнд их юм үзүүллээ. Ковид цар тахал, нүүрсний хулгай, шахмал түлш, мухар төмөр зам, утаа, үнийн өсөлт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, "Ажлаа хий" жагсаал цуглаан, "Эрдэнэтийн 49 хувь", Хөгжлийн банк, "Сахал" Эрдэнэбилэг, Бадамжунай, Сайханбилэг, Элбэгдорж... гээд цуврал кино шиг он жилүүд шуураад, бид ч шуугиад өнгөрлөө. Л.Оюун-Эрдэнийн он тооллын хугацаанд Оюутолгойн өндрөө авсан маргаанд талууд цэг тавьж, өр тэглэгдэж, "улаан хэрүүл" болдог байсан Монгол, Францын хамтарсан ураны төсөл хөдөллөө. 

Дорноговь аймгийн нутаг дахь “Зөөвч овоо” ураны төслийг хэрэгжүүлэх энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж буй.

Тэрчлэн Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь Монголын ард түмэн энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэнэ.

Мөн ногдол ашиг хүлээхгүй,  нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой гэж эрх баригчид дүгнэж буй. 

24 сар гацаад байсан Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд Оюутолгой төслийн Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өр төлбөргүй болж, анх гэрээ байгуулж байсан ижил нөхцөл дээр Монгол Улс ирсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс үүдэн зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болох зам мөрийг тэгшилсэн. 

Одоо удтал улстөржсөн мухар төмөр зам холбох эсэхээ хамтарсан Засгийн газар шийдэх гэж байна. Мухар төмөр замтай хамт Тавантолгой ордын "хувь заяа" яригдаж байгаа учраас хаврын улс төрийг энэ сэдэв халаах шинжтэй.

32 дахь Ерөнхий сайдын өнгөн дээр Монгол Улс "Алсын хараа"-гаа тодорхойлж, "Шинэ сэргэлт" рүү хүч хаясан. Энэ нь зургаан салбарт зурагдаж, эдийн засгийг "их үсрэлт"ийн өмнө авчрах том хүлээлт үүсгэсэн. Тодруулбал, Монгол Улс боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт рүү дунд хугацааны ажлаа төлөвлөн хэмжиж, тодорхой ахиц дэвшил гаргах гэж зүтгэсэн. Эдгээр нь Л.Оюун-Эрдэнийн кабинетийн чансааг тодорхойлж, чанарыг шалгасан юм. 

Эргэн сануулахад, дэлхий нийтийг сандаргасан Ковид-19 цар тахлын аюул нөмөрсөн, улс орнууд хил, гаалиа хааж, эдийн засаг, худалдааны эргэлт удааширсан үе буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ гэж Ерөнхий сайдтай Монгол Улс болж байлаа. Түүний Засгийн газар баллуурдах аргагүй өөрчлөлтийг боомтын салбарт авчирсан юм. Тэр өөрчлөлт нь эдийн засгийн эргэлтийг тэтгэж, худалдааг хурдасгаж, инфляцыг тогтворжуулсан. Экспортыг чөлөөлж, импортыг түгжрэлийг арилгасан. Үр дүнд нь нүүрсний экспорт 2024 онд нийт 83.7 сая тонн болж, түүхэн дээд түвшнийг тогтоож амжсан. Инфляц нэг оронтой тоонд хадгалагдсан. Улсын зээлжих зэрэглэл ахисан. 

Боомтын хөгжлөө зөнд нь орхисон Монгол Улс гадаад худалдааны гарцаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр түргэн хугацаанд хөгжүүлэх ажил руу шамдан орсон. Өнөө боомтын нийт 6 багц  төсөл хэрэгжүүлж, экспортын төмөр замын 5 шинэ гарцтай болсон байна. Л.Оюун-Эрдэнэ гэж "автор"-тай өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсад Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ 7 км төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам, БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто зам баригдсан байна.

Эдгээрээс гадна Шивээхүрэн, Бичигт боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал зэрэг төслүүд одоо хэрэгжиж, зарим нь тууз хайчлахад ойртжээ. Боомтуудаа өөд нь татах ажил бодитой эхэлсэн нь өнгөрсөн дөрвөн жилийн чамлаж үл болох ололт байлаа. Боомтын сэргэлт нь эдийн засгаа хоёр дахин тэлэх, экспортоо хоёр дахин нэмэгдүүлж, 17 тэрбум ам.долларт хүргэх том зорилт тээж яваа. 

Л.Оюун-Эрдэнээр овоглосон өнгөрсөн дөрвөн жилд эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинэ эх үүсвэрүүд баригдаж, эхнээсээ цахилгаанаа өгч эхэлсэн билээ. Олон жил дуншсан эрчим хүчний реформ хөдөлж, энэ салбар бүхэлдээ алдагдлаас гарах их ажил эхэлсэн.

Тухайлбал, Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөв. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВТ болон Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц ашиглалтад орж, өвлийн оргил ачааллыг хуваалцаж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС хоёр улсын Засгийн газар хоорондын удаан хугацааны хэлэлцээрээс бүтээн байгуулалт руу шилжиж, Тавантолгой цахилгаан станц улс төрийн гацаанаас гарлаа.

Эдийн засагт ирээдүйн өсөлтийг авчрах том төслүүдийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхлүүлж, зарим нь барианд орж, үр шим нь мэдрэгдэж буй. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд өнөөдөр урам дутаагүй. Харин ч урмын үг бялуурах шинжтэй болж байгаа. Тийм болохоор хийсэндээ эрдэх бус хийгээгүй ажилдаа махран зүтгэх цаг одоо. Л.Оюун-Эрдэнийн шинэ тоолол эхэллээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.