Монгол дахь Америкийн худалдааны танхимын энэ оны анхны хэлэлцүүлэг "Монгол Улсын 2025 он ба дунд хугацааны эдийн засгийн төлөв байдал" сэдвээр зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Мөнхсоёл, Үнэт Санхүүгийн Группын ТУЗ-ийн дарга Д.Бадрал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшми нар оролцлоо.
Хэлэлцүүлгээр 2025 оны эдийн засгийн эрсдэл, дунд хугацааны хүлээлт, тулгарч буй сорилт бэрхшээл, боломжийг тодорхойлж, хэрхэн даван туулах талаар дээрх зочид ярилцсан юм.
УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл “Монгол Улсын эдийн засаг 2025 онд өсөлттэй төсөөлөл бүхий алдагдалгүй төсөв батлагдсан хэдий ч анхааралдаа авах хэд хэдэн хүчин зүйлс байгаа, үүнд геополитик, хөрш Хятадын талаас нүүрсний эрэлт, шинээр сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгчийн бодлого зэрэг нь нөлөөлөх магадлалтай” гэлээ. Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлын явц, хөрөнгө оруулалтын хараат бус зөвлөл байгуулахаар зорьж байгааг онцолж, татварын багц хуулийг хэлэлцэх, зохих хууль журмуудыг тухай бүрт нь шинэчлэх болон татварын бус байдлаар хөрөнгө оруулагчдийг татах зэрэг олон ажлуудыг хийхийг зорьж байгааг мөн тэмдэглэсэн юм.
УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин “Хэд хэдэн сорилтууд байгаа, гол анхаарах асуудал бол инфляцитай холбоотой, эдийн засгийн өсөлт иргэдэд өгөөжтэй байх талын бодлогыг баримтлах хэрэгтэй” гэв. Мөн зайлшгүй анхаарах ёстой зүйл бол гадаад вальютын ханш гэдгийг нэмж тодотголоо. “Гадаад экспортын зонхилох дүн нь нүүрснээс хамааралтай, 2025 онд 83 сая тонн экспортлох, 1,7 сая тонн зэс экспортод гаргах зорилт, төсвийн төлөвлөгөө зэрэг нь манай улсын эдийн засагт нөлөөлөх болно” гэлээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б. Лакшми “Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтад одоогийн тодорхой бус байдал хамгийн том эрсдэл төдийгүй, аливаа гэнэтийн шийдвэрүүд нөлөөлж болзошгүй” гэв.
Үнэт Санхүүгийн Группын ТУЗ-ийн дарга Д.Бадрал “Хөрөнгө оруулалтын хувьд өмнөх жилүүдээс харьцангуй таатай байхаар харагдаж байгаа, бололцоо, нөхцөл сайжирсан гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэхийн тулд, бизнес эрхлэгчид, төсөв захиран зарцуулагч талууд урсгал зардалд илүү анхааралтай хандах хэрэгтэй” гэлээ. Тэрээр мөн “энэ жил бол хариуцлагатай ажиллах жил” гэж онцлов.
Хэдийгээр Засгийн газар 2025 оны төсвийг алдагдалгүй баталсан ч мега төслүүдийг амжилттай эхлүүлэхэд ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай тулж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, бизнесийн орчныг улам сайжруулахын тулд Монгол Улс хууль эрхзүйн орчинг тогтмол сайжруулах, маргаан шийдвэрлэлтийг ил тод болгох, бодлогын уялдаа холбоог хангах зэрэг ажлуудад анхаарах ёстой гэж АмЧам Монголын зүгээс онцлов.