Зөөвч-Овоо ордоос туршилтаар 10.4 тонн уран гарган авчээ
Зөөвч-Овоо ордоос туршилтаар 10.4 тонн уран гарган авчээ
Монгол Улс дэлхийн ураны нийт нөөцийн хоёр хувийг эзэмшиж байна

Францын төрийн өмчит "Орано" групп 66 хувийг нь, үлдсэн 34 хувийг нь "Эрдэнэс Монгол" нэгдэл эзэмшдэг “Бадрах Энержи” ХХК нь түүхэн цаг үед ирээд байна. Тус компанийн хэрэгжүүлж буй "Зөөвч-Овоо" төслөөс Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх хамаарах юм. 

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Зөөвч-Овоо ордоос уран олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг "Бадрах Энержи" компани 2021-2022 онд хийж, газар доор уусган олборлох аргаар 10.4 тонн ураныг гарган аваад байна. 

Зөөвч-Овоо орд нь 100,3 мянган тонн ураны нөөцтэй гэж бүртгэгдсэнээс ашиглаж болохуйц нөөц 87,6 мянган тонн. Үйлдвэр 3-4 жилийн дараа ашиглалтад орсноор бүрэн хүчин чадлаараа жилд 2500 тонн уран олборлоно. Төсөл 2028 оноос үндсэн үйлдвэрлэлээ эхлүүлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ үед 800 ажлын байр шинээр бий болох юм.  

"Бадрах Энержи" нь Монгол Улсад уг төслийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд шилжүүлэхэд 26 жилийг зарцуулсан. Ордыг нээн илрүүлэх, нөөц тогтоон бүртгүүлэх, үйлдвэрлэлийн туршилт хийхэд нийт 255 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Компанийн хувьд өмнө нь нэрээ удаа дараа сольж байсан. Хожим дээрх нэрээр үйл ажиллагаа явуулж буй барууны тууштай хөрөнгө оруулагчдын нэг юм.

Зөөвч-Овоог дэлхийн хамгийн том 10 ордын гэж компанийн зүгээс онцлон тодорхойлсон. Тэрчлэн сүүлийн 20 жилд дэлхийд нээгдсэн ураны хамгийн том ордод Зөөвч-Овоо тооцогдож байна. Энэхүү төсөл хэрэгжих хугацаанд "Бадрах Энержи" компани Монгол Улсад нэг тэрбум ам.долларын татвар, хураамж төвлөрүүлэх бөгөөд ордыг нийт 35 жилийн хугацаанд ашиглах урьдчилсан төлөвлөгөө гарчээ. 

"Бадрах Энержи" компани нь Зөөвч-Овоо ордоос гадна Дулаан-Уул ордыг эзэмшдэг. Дулаан-Уул ураны орд нь 118.9 мянган тонн нөөцтэй. Монгол орны хэмжээнд ураны 13 орд одоогоор ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэгдээд байна. Эдгээрээс хамгийн их нөөцтэй, эдийн засгийн үр ашигтайд Зөөвч-Овоо болон Дулаан-Уул орд нэрлэгдээд байгаа юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.