“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гарсан үр дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Онцгой дэглэм тогтоосон сүүлийн нэг жилд нүүрсний экспорт, тээвэрлэлт, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн эерэг нөлөө үзүүлж, нүүрсний борлуулалтын орлого огцом нэмэгдсэн, компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх цаг үетэй харьцуулахад эрс сайжирсан, цэвэр ашгийн хэмжээ давж биелсэн зэрэг нааштай үзүүлэлтүүд гарсан.
Иймд нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгойн ордын олборлолтыг сайжруулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож, БЭТ томилох нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Энэ хүрээнд холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн, борлуулалтын орлого хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу 2022 онд 1.1 тэрбум ам.долларт хүрсэн, Засгийн газраас даалгасан үүрэг, даалгаврыг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.