Ураны хөрөнгө оруулалтын гэрээний анхаарал хандуулах 10 нөхцөл
11 Цагийн өмнө
90
Ураны хөрөнгө оруулалтын гэрээний анхаарал хандуулах 10 нөхцөл
Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийсний үр дүнд, Монгол Улсын эрх ашиг, Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн дараах нөхцлүүдийг гэрээнд тусгаад байна. Үүнд:
 
1/ Монголын талаас олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured, Transparent) стандартын дагуу өөрийн санхүүгийн тооцооллын загварыг боловсруулж, Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцоололтой тулган, баталгаажуулсанаар Монгол Улс жил бүр шууд үр өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг хүртэнэ.
 
2/ Монголын талын хүртэх шууд үр өгөөж 51 хувьд хүрээгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компаниас үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай “өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөр”-г Засгийн газарт нэмж төлнө.
 
3/ Төрийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцож авснаар давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2,0 тэрбум ам.доллар, нийт улс орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоололтой байна.
 
4/ Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г шууд эзэмшиж, тэргүүн ээлжинд ногдол ашиг хүртэх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй байх нөхцөл тусгагдсан.
 
5/ Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулсан. АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар инфляци тооцохгүйгээр, бүрэн төлөхөөр тусгажээ.
 
6/ Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж буй Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөтийн гэсэн 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгаж, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг энэхүү гэрээнд хамруулахгүй байх юм. Түүнчлэн төслийн хүрээнд олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох технологоор явуулах, төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр 3 жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэнэ.
 
7/ Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн борлуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид худалдан авах заалтыг гэрээнд оруулж, олборлолт, үйлдвэрлэл нь үндэсний лабораторийн хяналтад байна.
 
8/ Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-aас доошгүй нь болон, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40%-аас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдэд ногдоно.
 
9/ Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар, мөн гэрээний зүйл заалтуудад хуулийг тогтворжуулахгүй байх зарчим хангагдсан.
 
10/ Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх ба талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргаан шийдвэрлэх бүх процессыг дуустал олон улсын арбитрт хандах эрхгүй байх нөхцлүүд тусгагдсан.
erdenes_uran_250117 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.