“Орано Майнинг”-тай тохиролцсон ХОГ-ний үндсэн нөхцөлүүдийг танилцуулж байна
2 Өдрийн өмнө
124
“Орано Майнинг”-тай тохиролцсон ХОГ-ний үндсэн нөхцөлүүдийг танилцуулж байна

Франц улстай улс төрийн түвшинд тохиролцсон “Орано Майнинг”-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ нь манай улсын хувьд барууны хөрөнгө оруулагчтай байгуулах хоёр дахь гэрээ. Оюутолгой Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойших /гуравдагч хөрштэй байгуулах/ анхны гэрээ гэсэн үг.  Уг төсөл дээр Оюутолгойн алдааг давтахгүй гэж Монгол Улс үзэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал 34 хувь эзэмших хуулийн заалтыг давуу эрхийн хувьцаа, тусгай роялтигаар орлуулахаар болсон юм. 

  • Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500,000,000 ам.доллар гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгасан.
  • Анхны хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй ба зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр тохирлоо.
  • Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллыг шууд ашиглахаас илүүтэй, Техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured, Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажууллаа.
  • Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцлоо.
  • Засгийн газар Төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг буурахгүй байхаар тохирлоо.
  • Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэл хувийг Хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгалаа.
  • Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгалаа.
  • Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулан, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирлоо. Байгаль орчны салбарын албан татварыг тогтворжуулахгүй байхаар тохирлоо.
  • Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцэн, зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдал ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн 3 үзүүлэлтийг тогтворжуулахаар тохирлоо.
  • Хөрөнгө оруулалтын гэрээнд хууль тогтоомжийг тогтворжуулахгүй байхаар,
  • Бүтээгдэхүүнд агуулагдах бусад ашигт малтмалд АМНАТ тооцохоор тохирлоо.
  • Хөрөнгө оруулагчийн төслийн үйл ажиллагаанаас авах маркетингийн болон ноу хау төлбөрийг өөрийн хүртэх өгөөждөө тооцохгүй гэж байсныг хэлэлцээрийн явцад буулт хийлгүүлж өгөөжид тооцохоор зөвшөөрүүлж чадлаа. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгч зардлаа өсгөж, үүнтэй холбоотой тооцдог төлдөг төлбөрөөр өөрийн өгөөжөө хүртэх эрсдэлээс сэргийлж, гэрээнд тусгалаа. Өөрөөр хэлбэл, зардлаа өсгөвөл хөрөнгө оруулагчын өгөөж тэр хэмжээгээр өсч тооцогдох тул монголын талын авах өгөөжийн хэмжээ зардлын өсөлттэй уялдаж мөн нэмэгдэх болно.
  • Техник, эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан Төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэхээр;
  • 3 жил тутамд төслийн үйл ажиллагаа болон технологидоо Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр хөндлөнгийн аудит хийлгэхээр;
  • Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирлоо.
  • Төсөл хэрэгжүүлэгч хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Бүтээн байгуулалтын үе шатанд 300,000 ам.доллар, Уурхайн ашиглалтын үе шатанд 1,000,000 ам.доллар, Уурхайн хаалтын үе шатанд 1,100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  • Уурхайн ашиглалтын үе шатанд Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90 ба түүнээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байна.
  • Төсөл хэрэгжүүлэгч компани нь уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-aас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40%-аас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээд байхаар тохирсон.
  • Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар гэрээнд тусгажээ. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.