Монгол Улс IMARC-д анх удаа хөрөнгө оруулагчдад зориулсан тусгайлсан бага хурлыг зохион байгуулав
Монгол Улс IMARC-д анх удаа хөрөнгө оруулагчдад зориулсан тусгайлсан бага хурлыг зохион байгуулав
Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалтыг Mining.mn сайтын редактор Б.Пүрэв Австралийн Сидней хотоос сурвалжлан хүргэж байна.

Австрали улсын Сидней хотод болж буй IMARC буюу Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт, үзэсгэлэн яармагт Монгол Улс хөрөнгө оруулагчдад зориулсан тусгайлсан бага хурлыг анх удаа зохион байгуулж, уул уурхайн компаниуд энэ үеэр өөрсдийн мэдээллээ өглөө. Өнөө жил дэлхийн 120 гаруй орны 470 орчим компани өргөн бүрэлдэхүүнтэй энэхүү арга хэмжээнд оролцож байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюутолгой, АМЕП хөтөлбөр, Asian Bat, Хан-Алтай ресурс, Jade gas, Занаду майнс, ТМК Энержи зэрэг компаниудын төлөөлөл хөрөнгө оруулагчдад төслөө танилцууллаа. 

395607436_721210963369117_6593777110418265178_n 

Монголын хөтөлбөрийг Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит нар нээлээ. Хөтөлбөрийн эхэнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Бямбадагва “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого”-ыг танилцуулав.

Үүний дараагаар "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, металлийн группын менежер Ц.Төгсбуян “Эрдэнэс Монгол" групп компанийн шинэчлэлийн бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг онцолсон "Хан Алтай ресурс" компанийн ТУЗ-ийн дарга Б.Гантулга “Хан Алтай алтны төслийн 2 дугаар үе шат: Хөгжлийн боломжууд”-ыг танилцуулж, "Занаду Майнз" компанийн гүйцэтгэх захирал Колин Муурхиид “Монгол Улсад дэлхийн хэмжээний эрдэс баялгийн ордуудыг нээн илрүүлэх, тодорхойлох нь”, "Азийн Баттерей Минералс" компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Монгол Улсад баттерейн эрдэс баялгийн хайгуул”, Австрали-Монголын эрдэс баялгийн хөтөлбөр (AMEP)-ийн төслийн удирдагч Рена Гуендуез “Эрдэс баялгийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа бага хурлын үр дүнг тоймлов.

396704682_721210916702455_8692368960264501638_n 

10 дугаар сарын дундуур Улаанбаатар хотноо болсон "Mining week" арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон. Тэгвэл Австралийн IMARC чуулган, үзэсгэлэн болон Англи, Канадад болдог хөрөнгө оруулалтын чуулгануудад Монголын талын төлөөлөл тогтмол оролцож, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгааг Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцоллоо.

Дэлхийн 120 гаруй орон ихээхэн ач холбогдол өгч оролцож буй энэ удаагийн чуулганд Монгол Улс анх удаа тусгайлсан программ буюу бага хурлыг зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан чухал арга хэмжээ байлаа. "Глобал боломжууд" сэдэвт салбар хуралдааны Монголын хөтөлбөрт бусад орны төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон юм. IMARC олон улсын арга хэмжээ 11-дүгээр сарын 2-нийг хүртэл Сидней хотноо үргэлжилнэ. 

395621720_721209493369264_4232894673649969582_n 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.