Н.Учрал: Монгол-Францын Уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Монгол - Францын Уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Авлига, Ашиг сонирхол дунд 27 жил туучсан Монгол-Францын Уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмэн, улс эх оронд үр ашигтай жишиг гэрээ болсон гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байгаа. Монгол улс нэг ч төгрөг гаргахгүйгээр Франц улс 100% хариуцаж уран олборлох үйлдвэр, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ. Бид хяналт, шаардлагаа тавина. Үр өгөөжийн 51%-ийг ард түмэн хүртэнэ. Үндэсний баялгийн сан, хуримтлалын сан арвижих чухал ач холбогдолтой. Цаашлаад цөмийн эрчим хүч ашиглан атомын цахилгаан станцтай болох суурь тавигдана. Үр дүнд эрчим хүч хязгаарлагдмал бус хязгааргүй, үнэгүй шахуу болж, агаарын бохирдлоос ангижрах боломж бүрдэнэ. Монгол Улс Уранаар дамжуулан дэлхийн зах зээлд том тоглогч болно. Эдийн засаг, технологи гээд салбар бүрийн хөгжилд ахиц гарна. Эцсийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ" гэв.